Түүхэн халз барилдаан болоход нэг хоног үлдлээ
Чөлөөт бөхийн ертөнцийн хамгийн том дуулиан, олон жил үргэлжилсэн дуэл болох “Орос танк” Абдулрашид Садулаев, “Ахмад Америк” Кайл Снайдер нарын халз барилдаан болоход нэг хоног үлдлээ.

Гүржийн Тбилиси хотноо долоодугаар сарын 11-ний өдөр халз барилдаан болохоор талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэхүү барилдаан нь сонирхогчдын спортын дүрмээс арай өөр, шоу болон мэргэжлийн спортын шинж чанарыг агуулсан тул дэлхий даяарх бөх сонирхогчид маш өндөр хүлээлттэй байна.
"Real American Freestyle" (RAF) холбооноос зохион байгуулж буй энэхүү халз барилдааныг илүү үзүүштэй, динамик, мөн тамирчдын цэвэр хүч, ур чадварыг шавхсан байлгах үүднээс дүрэмдээ дараах өөрчлөлтүүдийг оруулжээ:
Хугацаа болон Үеийн бүтэц
Уламжлалт 3 минутаар 2 үе барилддаг дүрмийг өөрчилж 3 минутаар 3 үе барилдах ба үе хоорондын амралт нь 1 минут байна. Энэ нь тамирчдаас илүү их тэсвэр хатуужил шаардах юм.
"Цэвэр ялалт" ба онооны систем
-
Илт давуугаар ялах: Чөлөөт бөхөд онооны зөрүү 10 хүрэхэд барилдаан зогсдог бол энэ дүрэмд онооны зөрүүг 12 болгож өсгөсөн байна.
-
Торгуулийн систем: Идэвхгүй барилдсан тамирчныг торгох "30 секундийн идэвхийн хугацаа" -г илүү хатуу мөрдөнө. Хэрэв идэвхгүй тамирчин 30 секундэд оноо авч чадахгүй бол эсрэг тамирчинд шууд 2 оноо (уламжлалт дүрэмд 1 оноо байдаг) өгөх бөгөөд энэ нь тамирчдыг тасралтгүй довтлоход хүргэнэ.
Дэвжээнээс гарах дүрэм
Түлхэлцэн хөөцөлдөж, дэвжээнээс шахаж гаргах тактикийг багасгахын тулд дараах дүрмийг заажээ:
-
Хэрэв тамирчин идэвхтэй мэх хийж байгаад дэвжээнээс гарвал оноо алдахгүй.
-
Харин зүгээр л хамгаалж, ухарч гүйсээр дэвжээнээс гарвал эсрэг тамирчинд 1 оноо өгч, барилдааныг дэвжээний төвөөс партер (хэвтээ) байрлалаас үргэлжлүүлнэ.
Торгуулийн хуудас ба хасалт
Хэрэв тамирчин дүрмийн бус үйлдэл (мөргөх, хуруу хугалах, хувцаснаас татах) гаргавал шүүгч шууд сануулга (шар карт) өгнө. Эсрэг тамирчинд 2 оноо очих ба хоёр дахь сануулгаар шууд барилдаанаас хасна.
Ийнхүү тун сонирхолтой зууны гэж болохуйц дуэл болоход хэдхэн цаг үлдээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.