Нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулж байсан компанийн тоног төхөөрөмжийг хураажээ
Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэх газарт “Аум Алт” компанитай нөхөн сэргээлт хийх, туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан иргэн, аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар олборлолт явуулж байжээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж тус газарт олборлолт явуулж байсан нэг аж ахуйн нэгж, 19 иргэний олборлолтын үйл ажиллагааг зогсоож, 35 экскаватор, 1 бульдозер, 34 ковш, 55 хүнд даацын ачааны автомашин болон гэр, усан буу, алт угаах тоног төхөөрөмж зэргийг буулгажээ.
Улмаар “Аум Алт” компани нь ТЭЗҮ шинэчлээгүйн дээр зөвшөөрөлгүй газраас олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгахыг үүрэг болгосон байна.
Мөн тус суманд олборлолт хийж байсан “Баярс гоулд” компани нөхөн сэргээлт хийгээгүйн дээр улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байжээ. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг түр зогсоож, нөхөн сэргээлтээ хийхийг даалгажээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.