Египетийн шүүхээс алдартай телевизийн хөтлөгч Сара Халифад цаазаар авах ял оноов
Египет улсын Кайр хотын Эрүүгийн хэргийн шүүхээс тус улсын алдартай телевизийн хөтлөгч, продюсер Сара Халифа болон түүний ах Мохамед Халифа тэргүүтэй 12 хүнд зохион байгуулалттайгаар хар тамхины хэрэг үйлдсэн хэргээр дүүжлэн хороох цаазын ял оноолоо. 2026 оны есдүгээр сарын 5-наас 6-нд шилжих өдрүүдэд гарсан тус шийдвэр нь Египетийн шашны тэргүүн буюу Их Муфтийн зөвлөмж, дүгнэлтэд үндэслэн эцэслэн баталгаажсан байна. Нийт 28 шүүгдэгч холбогдсон эл хэрэгт шүүхээс бусад холбогдогчдод бүх насаар нь хорих болон цагаатгах шийдвэрийг мөн гаргажээ.
Шүүхээс 39 настай Сара Халифаг өөрийн төрсөн ахын хамтаар зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулж, удирдсан гэж үзсэн байна. Тус бүлэглэл нь синтетик төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийг хилийн чанадаас хууль бусаар импортлон оруулж ирж, дотооддоо боловсруулан худалдаалдаг байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль хяналтынхан лаборатори болгон ашиглаж байсан хоёр орон сууцыг илрүүлж, 750 гаруй килограмм мансууруулах бодис, түүхий эд, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сумыг хураан авсан байна.
Ял сонссон этгээдүүд зөвхөн хар тамхины хэргээс гадна хүн хулгайлсан хэрэгт давхар буруутгагджээ. Тодруулбал, шүүхээс Сара Халифа болон бусад шүүгдэгчдэд нэгэн залууг хулгайлж, биед нь халдсан хэргээр тус бүр таван жилийн хорих ялыг нэмж оноосон байна. Энэхүү томоохон хэрэгт нийт 28 хүн татагдсанаас шүүх бүрэлдэхүүн есөн хүнд бүх насаар нь хорих ял оноож, гэм буруутай нь нотлогдоогүй долоон хүнийг цагаатган суллах шийдвэр гаргажээ.
Цаазын ял сонссон Сара Халифа нь нийгмийн аюулгүй байдал, гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хөнддөг "Mission Impossible" нэвтрүүлгээрээ Египетэд олонд танигдсан нэгэн бөгөөд гоо сайхны клиник, арга хэмжээ зохион байгуулах компани ажиллуулдаг бизнес эрхлэгч аж. Тэрээр шүүх хурлын үеэр өөрийнх нь эсрэг гаргасан бүх буруутгалыг эрс үгүйсгэж, "Мансууруулах бодистой хамт гэрэл зургийг минь авах хүртэл би хэзээ ч хар тамхи харж байгаагүй" хэмээн мэдүүлсэн байна. Түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа албан ёсоор мэдэгдээд байна.
Египет улс нь санаатай аллага, терроризм болон хар тамхины томоохон хэргүүд үйлдэгдсэн тохиолдолд цаазаар авах ялыг хуулиараа оноодог хатуу чанга тогтолцоотой бөгөөд 2025 онд гэхэд тус улсад 500 гаруй цаазын ял сонсогдож байжээ. Олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд орсон эл хэргийн давж заалдах шатны шүүх хурал хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.
Эх сурвалж:
• ua.news
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.