"Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд хамруулна" хэмээн иргэдийг залилах тохиолдол бүртгэгджээ
Цагдаагийн ерөнхий газраас түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг гарч буйтай холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн үед Төрийн орон сууцны корпораци (ТОСК)-ийн албан хаагчийн нэрийг барьж, "Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд хамруулж өгнө, оочир дараалалгүйгээр оруулж өгнө" гэх хуурамч зар мэдээлэл тараан иргэдийг залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.
Хамгийн эхний төсөл болох "Солонго 1, 2" хорооллын 2040 айлын орон сууцны бүртгэлийг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн E-Mongolia системээр албан ёсоор, нээлттэй бүртгэнэ. Иймд хэн нэгэн этгээд тухайн байгууллагын ажилтан, албан тушаалтан мэтээр өөрийгөө танилцуулж, урьдчилгаа эсвэл зуучлалын төлбөр нэхсэн тохиолдолд ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулсан байна.
Мөн түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөртэй холбоотой үнэн бодит мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалж болох tosc.gov.mn цахим хуудаснаас авахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.