🔴LIVE: Ардчилсан намаас мэдээлэл хийж байна

AI хөрвүүлсэн

АН: Төсвийн тодотгол нь инфляцыг хөөрөгдөж, улсын өрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Ардчилсан намаас уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит "4:11" мэдээллийн цаг боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд тус намаас өнөөдөр тохиож буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж, гэгээн дурсгалд нь хүндэтгэл үзүүлэн мэхийв. Мөн улс төрийн хилс хэрэгт буруутгах явдал өнөө хэр тасрахгүй байгааг сануулаад, Ардчилсан Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзлийг хамгаалах зарчимдаа тууштай байхаа мэдэгдлээ.

Энэ долоо хоногийн даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн бөгөөд Байнгын хороодоор 2026 оны улсын төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан АН-ын зүгээс дараах байр суурийг илэрхийлэв.

"Урсгал зардлыг 1.1 их наядаар нэмсэн нь инфляцыг улам даамжруулна"

АН-ын зүгээс эдийн засгийн хүнд нөхцөл байдал, өндөр инфляц, иргэдийн бодит орлогын бууралт болон төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэнтэй холбогдуулан Засгийн газрыг төсвийн тодотголыг яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, ирэх оны төсөв батлахаас өмнө хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг удаа дараа тавьж ирсэн юм.

Гэвч Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол нь эдийн засгийн бодит нөхцөл байдалтай огт уялдаагүй, хямралыг улам даамжруулах, инфляцыг хөөрөгдөх хэлбэртэй орж ирснийг чуулган болон Байнгын хорооны хуралдаануудаар шүүмжилсээр байгаагаа мэдэгдэв.

Тодруулбал, Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд урсгал зардлыг 1 их наяд 152 тэрбум төгрөгөөр, төсвийн алдагдлыг хоёр дахин нэмэгдүүлж 2 их наяд 50 тэрбум төгрөгт хүргэжээ. Энэ нь тулгамдсан асуудлаа оноогүй, буруу арга хэмжээ гэдгийг онцоллоо. Өнөөдрийн байдлаар инфляц 13 хувь, хүнсний инфляц 25 хувьд хүрсэн үед Төв банк мөнгөний хатуу бодлого баримталж, бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хэмжээг дээд цэгт хүргээд байна. Гэтэл нэг талдаа мөнгөний бодлогоор “тоормос гишгэж” байхад нөгөө талдаа төсвийн бодлогоор зардлыг тэлж “хааз гишгэж” байгаа нь алдаатай бодлого болохыг санууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Төв банк төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал инфляц хоёр оронтой тооноос буухгүй гэдгийг мэдэгдсэн бол бизнесийн болон мэргэжлийн холбоод төсвийн энэ бодлого үргэлжилбэл инфляц 18 хувьд хүрэх эрсдэлтэйг анхааруулж байна. Үүнээс гадна шатахууны үнэ, цахилгаан, дулаан, усны суурь үнэ нэмэгдсэн нь эдийн засагт үзүүлэх дараагийн томоохон шок хараахан эхлээгүй байгааг анхаарууллаа.

Тиймээс Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтцээ цомхотгох, давхардсан төсөл хөтөлбөрүүдийг цөөлөх замаар урсгал зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна. Гэтэл Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Би иргэдээсээ, ард түмнээсээ харамлахгүй" хэмээн хувийн хөрөнгөө тарааж буй мэт мэдэгдэл хийснийг шүүмжлэв.

Мөн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгөөр нэмэгдвэл улсын өр төдий хэмжээгээр өсөж, дотоодын зах зээлд 1 их наяд төгрөгийн бонд гаргах төлөвлөгөө тусгагдсаныг санууллаа. Манай улсын нийт гадаад өр өдгөө 40.2 тэрбум ам.доллар буюу 145 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын нэг иргэнд ногдох өрийн хэмжээ 40 сая төгрөг болоод буйг онцоллоо.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Задаргаагүй "битүү төсөв" оруулж ирж, сайд нар өөрсдийн зардлыг нэмсэн

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн П.Батчимэг төсвийн тодотголын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр: "Өнөөдөр 2026 оны төсвийн тодотгол нь олон нийт болон сөрөг хүчний зүгээс маш их шүүмжлэл дагуулж байна. Сүүлийн 10-аад жил засгийн эрх барьсан эрх баригчид хариуцлагагүй төсөв өргөн барьдаг муу зуршил тогтоолоо. Төсвийн задаргааг олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулах ёстой байтал энэ удаад ямар ч задаргаагүй, битүү төсөв оруулж ирсэн. Юунд зарцуулах нь тодорхойгүй, гишүүд мэдээлэлгүй, төрийн дунд шатны албан тушаалтнууд хариуцлагагүй хандаж байна.

Засгийн газрын тэргүүн 'Эдийн засгийг чөлөөлье' гэсэн уриан дор ахмад настны тэтгэврийг нэмэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, 'Гэрт ойрхон сургууль' төслийг хэрэгжүүлэх гэсэн үндэслэлээр төсвийн тодотгол өргөн барьсан гэж байгаа ч тоо баримтыг харвал огт өөр дүр зураг харагдаж байна.

Тухайлбал, 2026 оны төсвийн зарцуулалтыг авч үзвэл:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын багц 142 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн;
  • ХХААХҮ-ийн сайдын 2026 оны батлагдсан төсөв 557.1 тэрбум төгрөг байсан бол тодотголоор 672.1 тэрбум болж, 114.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, сайдын өөрийн захиран зарцуулах эрх мэдэл өссөн байна.

Засгийн газар 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт гаргалаа гэж ярьж байгаа боловч эргээд зардлыг өсгөсөн төсөв оруулж ирлээ. Ахмад настны тэтгэвэр, багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг бид бүрэн дэмжинэ. Гэтэл сайд нар эд хогшил, гадаад томилолт, хурал цуглаан, форумын зардлуудаа буцаагаад нэмж, шууд захиран зарцуулах төсвөө өсгөсөн нь асуудал үүсгэж байна. Ийм задаргаагүй, хариуцлагагүй байдлаар төсөв баталдаг практикийг зогсоох, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна" гэлээ.

Төсвийн тодотгол хууль зөрчсөн гэх 4 үндэслэл

АН-ын зүгээс Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголыг хууль зүйн талаас дараах 4 үндэслэлээр ноцтой зөрчилтэй гэж дүгнэж байна:

  1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг зөрчсөн: 2026 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий 0.4 хувийн ашигтай байхаар тооцсон нь хуулиар тогтоосон 'ДНБ-ий 2 ба түүнээс дээш хувийн ашигтай байх' шаардлагаас даруй 1.6 нэгж хувиар доогуур байна. Үүнийг Үндэсний аудитын байгууллага ч шаардлага хангаагүй гэж дүгнэсэн.
  2. Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулах зарчмыг зөрчсөн: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тусгай шаардлагад нийцүүлэхийн оронд эхлээд хууль зөрчсөн төсөв боловсруулж оруулж ирээд, дараа нь түүндээ нийцүүлэн хуулийг өөрчлөх гэж оролдож байгаа нь хууль тогтоох зарчмыг алдагдуулж байна.
  3. Хууль тогтоомжийн тухай хуулийн 29.5-ыг зөрчсөн: Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт зөвхөн тухайн төсвийн жилд нөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэх ёстой. Гэтэл Үндэсний баялгийн сан, Үнэт цаасны зах зээл, ТӨК-ийн хувьцаа зэрэг 2026 оны төсвийн жилээс давсан, байнгын шинжтэй эрх зүйн зохицуулалтуудыг хамтатган оруулж ирсэн.
  4. Анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлсэн нь тусгай хязгаарлалтад нийцээгүй: Төсөвтэй хамт анхдагч хууль өргөн мэдүүлж, хуулийн үйлчлэлийн хэмжээ хязгаарыг ноцтой зөрчсөн байна.

Эрх баригчид хуулийн дагуу тавьсан зарчмын эдгээр шаардлагуудыг хувьдаа эмзэглэн хүлээн авч, "АН ард түмнээс 5 төгрөг харамлалаа, ахмадуудын тэтгэвэр нэмэхийг эсэргүүцлээ" хэмээн популизм хийж, улстөржүүлж байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. Хэрэв төрийн данхар бүтцийг цомхотгож, яамд болон дарга нарын тоог бууруулан, "дарга ангийн бүсийг чангалах" замаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх шийдэл оруулж ирвэл сөрөг хүчний хувьд бүрэн дэмжинэ гэдгээ онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.