ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг шүүх шийдэх ёстой болов
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын дарга Э.Төрбаярт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, хахууль аван бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Н.Отгонбаяр хүү Гантулгыгаа ажилд оруулахын тулд ИНҮТ-ийн албан тушаалтан Э.Мишээлийн дансаар дамжуулан 2024 оны зургаадугаар сарын 20-нд Э.Төрбаярт хоёр сая төгрөг өгсөн байдаг. Үүний өмнө Нармандах гэж хүнд “Ажилд оруулах гээд байгаа хүний ар гэрийнхэн нь хоёр сая төгрөг өгч чадах уу” гэж асуусныг гэрч нь мэдүүлсэн аж. Ингээд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Гантулгыг цахилгаанчнаар ажилд авчээ.
ИНЕГ-ын дарга Э.Төрбаярт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Н.Отгонбаярт мөн хуулийн 22.5-1-ийн “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн зургаадугаар сард шилжүүлсэн юм. Тус шүүхийн шүүгч З.Болдбаатар удирдан долоодугаар сарын 6-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд Нармандахыг хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргаж. Үүнийг нь хяналтын прокурор Э.Чанцалдулам эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсан байна.
Давж заалдах шатны шүүх хурал эхлэхийн өмнө ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын өмгөөлөгч Ц.Гансүх “Шүүх хурлыг хойшлуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Э.Төрбаяр Малайзад олон улсын иргэний нисэхийн байгууллагын хуралд оролцохоор томилолтооор явсан. Хуралд өөрөө биечлэн оролцох хүсэлтэй” хэмээн бичгээр мэдэгджээ. Гэвч шүүхэд баримт болгож ирүүлсэн томилолтын тушаалд нь Э.Төрбаярын нэр байхгүй учраас шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч Ц.Гансүхийн хүсэлтийг хангахаас татгалзан хурлыг үргэлжлүүлсэн юм. Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.