ЕБС-ийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг ирэх даваа гарагт бүртгэнэ
Нийслэлийн боловсролын газраас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэлийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтлоо. Энэ оны хичээллийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38232 хүүхэд элсэнэ.
Нэгдүгээр ангид 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.
Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
- Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
- Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
- Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
- Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
- Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.
Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,
3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.
Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн хамран сургах тойргийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга баталжээ.
Жич: Нийслэлийн 11 дүгээр сургууль 6 дугаар ангиас элсэлт авдаг тул хамран сургах тойрогт ороогүй болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.