Эмэгтэй хүн хувь заяаныхаа босс нь байх ёстой
Сэтгэл санааг чинь үргэлж зовоодог асуултын хариултуудыг чинь бүгдийг нь дурайтал нь биччихсэн номтой таарвал чамд ямар санагдах вэ? Юу гээч, энэ чамаас хавьгүй туршлагатай, глобал амжилтанд хүрсэн, магадгүй дэлхийн хамгийн ухаалаг бүсгүйчүүдийн нэгэнтэй эгч дүүс болох шиг мэдрэмж төрөх вий. Нэг номонд баймгүй олон гайхалтай санаа багтах гурван зүйлийг уншигч танд хүргэе.
Охидын хэрсүү чанарыг бүү үгүй хий
Номын зохиогч София үнэхээр хэрсүү өсчээ. Тэр бусад охидын адил кино жүжигчинг дэлгэцийн цаанаас шохоорхдог насан дээрээ бие даасан эмэгтэй болчихсон байж. Номын нэгээхэн хэсэгт “Амьдралын ашигтай туршлага нь эмэгтэй хүнийг эгнэгт өөрчилдөг юм байна гэдгийг би тэр үед яс махандаа шингэтэл ойлгож авсан юм” гэсэн өгүүлбэр бий. Бидний дийлэнх нь охин хүүхдээ зөв өсгөж байна уу? Охидыг бид хир халдаалгүй, цэцэг шиг нандигнан өсгөдөг. Гэвч ажил хэргийн талбар бол ширэнгийн хуулиар явагддаг тэмцэл. Англи хэлний дамжаа, гэр, сургуулиас өөр маршрутгүй, онц дүн авахаас өөр бодит тэмцэлд хөл гишгэж үзээгүй булбарай охид хатуу ширүүн ажил хэргийн ертөнцөд хөл гишгэмэгцээ цочролд ордог. Мэдлэг боловсролтой зарим охид хүлээж байсанчлан өндөр амжилтанд хүрэхгүй байх нь түгээмэл үзэгдэл болоод удаж байна. Хэрсүүчүүд ажил хэргийн ертөнцөд илүү өндөрлөгт хүрдэг болсныг бид эргэн тойрноосоо ч харах боломжтой. Тиймээс охидын хэрсүү чанарыг бүү устга. Асуудлаа өөрийн эр зоригоор давж гарах боломжийг нь тэдэнд үлдээ. Охин хүүхэд хэмээн “бонустайгаар” хайрлаж, тулгарсан бүхий л асуудлыг нь урдуур нь орж шийддэгээ боль. Бэрхшээлийг давж гарснаар хөгжих боломжийг нь тэднээс бүү хулгайлаарай.
Хүн өөрийгөө олдог биш бүтээдэг
Амьдрал бол асар урт аялал. Энэхүү номыг уншсаны дараа бидний амьдрал асар нарийн төлөвлөгөөтэй, инженерийн ур ухаан шаардлагатай барилга байгууламж юм байна гэдэгт бүрнээ итгэнэ. Энэ номын өөр нэгэн гайхалтай далд санаа нь бидний яг одоо үйлдэж байгаа жижигхэн үйлүүд ч хэзээ нэгэн цагт ирээдүйг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг. Зохиогч оройн цагаар үнэт эдлэлийн дэлгүүрт хямдхан цалинтай, уйтгартай савлагчийн ажил эрхэлдэг байжээ. Хэдэн жилийн дараа өөрийн бизнесээ эхлүүлэхэд тэрбээр хамгийн гоё савлагаатай хайрцагласан бүтээгдэхүүнийг захиалагч нар луу илгээж чаддаг болсон байна. Тиймээс тэрбээр ажлыг хэрхэн хийх, хэрхэн эрч хүчтэйгээр гүйцэтгэх урам зориг төрүүлэм гайхалтайгаар бичжээ. Хэн ч юутай ч энэ хорвоод төрдөггүй. Моцартаас Билл Гейтс хүртэлх суутнууд бүгд өөрсдийгөө “тоосго тоосгоор” нь барьсан. Бидний бурханчлан тахин шүтдэг алдартан бүр өөрийгөө гайхалтай нарийн стратегитайгаар өөрийгөө бүтээсэн. Та бол хувь заяаныхаа АРХИТЕКТОР нь.
Эмэгтэйчүүдийг ялгаварлах байдал амь бөхтэй оршсоор
София Аморусо сексизм буюу хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл гэж зоригтойгоор нэрлэж байна. Эмэгтэй болж төрснийхөө төлөө асар олон нэмэлт шалгуураар нь хэмжигдэх нь шударга хэрэг үү! Хэзээ нэгэн цагт таны охин улс төрч болбол яах вэ? Хүйсээр ялгаварлан гадуурхал гэхээр та өнөө л архичин нөхөр нь оройдоо эхнэртээ гар хүрэх эсхүл ажлын байрны бэлгийн дарамт төдийнхнөөр ойлгодог бол та бид хоцрогдож. Эмэгтэйчүүдийн үзэл бодлыг нь хорих, үг өгүүлбэрийг нь бүдүүлгээр нь таслах нь яг л дээрх бие физиологийн хүчирхийлэлтэй дүйцүүлэн жиших болжээ.
Эмэгтэйчүүдийг эм хүйстэн болж төрснийх нь төлөө “онцгойлон” бүү гутаа, “онцгойлон” бүү хайрла. Босс бүсгүй номын туршид олон дахин давтагдах нэгэн санаа бол эмэгтэйчүүд яг л эрчүүд шиг үүрэг хариуцлага хүлээж, ажил хөдөлмөр эрхэлж, ажил хэргийн ертөнцөд өрсөлдөж, ижил хэмжүүрээр хэмжигдэх ёстой. Аливаа гэр бүлийн аз жаргал, мөнгө санхүү эхнэр нөхрийн аль альных нь хүчин зүтгэлээс хамаарна гэж бичжээ. Энэ дэлхийг илүү сайхан болгоход эр, эм хүний хоёулангийх нь тус хэрэгтэй. Энэ хорвоог илүү гэгээлэг сайхан болгоход эмэгтэйчүүд бидний оролцоо зайлшгүй хэрэгтэй. Эмэгтэйчүүд гэр сахих гэж төрөөгүй.