100 гаруй сая хүнийг өлсгөлөнгөөс аврах олон наст ургамлыг танилцууллаа
Африкийн Этиоп улсын өмнөд болон баруун өмнөд хэсгийн өндөрлөг бүсэд ургадаг Энсет буюу "өлсгөлөнгийн эсрэг мод" гэгддэг олон наст ургамал уур амьсгалын өөрчлөлт, ган гачигт нэрвэгдсэн 100 сая гаруй хүнийг хүнсээр хангах чадамжтайг Их Британийн Кьюгийн хааны ботаникийн цэцэрлэг болон Этиопын эрдэмтэд судалж тогтоосноо танилцууллаа.
Сэтгүүлч Жэк Бэнток CNN агентлагт нийтэлсэн тайландаа уг ургамал олон улсын хүнсний аюулгүй байдалд онцгой үүрэг гүйцэтгэх ирээдүйтэй боловч тариалалтын хүрээ одоогоор ганцхан бүс нутагт хязгаарлагдаж буйг онцолсон байна.
Шинжлэх ухаанд "Ensete ventricosum" хэмээн нэрлэгддэг Энсет нь гадил жимстэй нэг овогт багтдаг бөгөөд олон нийтийн дунд "хуурамч гадил" гэдгээрээ танигджээ.
Жинхэнэ гадилтай харьцуулахад үр жимс нь хатуу үртэй тул идэх боломжгүй ч аварга том хуурамч иш болон хөрсөн доорх булцуунаас нь нүүрс-усаар баялаг хүнс гарган авдаг байна. Түүнийг боловсруулан исгэж хавтгай талх, зутан каш бэлтгэдэг бол булцууг нь шууд чанаж хэрэглэдэг байна.
Ердөө 15 ширхэг Энсет нэг хүний бүтэн жилийн хүнсийг хангадаг бол 40-60 ширхэг нь 5-6 гишүүнтэй өрхийг жилийн турш тэжээх өндөр шим тэжээлтэй хүнс болдог ажээ.
Өнөөдрийн байдлаар энсет нь зөвхөн Этиоп улсад ойролцоогоор 20 сая иргэний үндсэн хүнс болж байна.
Эрдэмтдийн тооцоолсноор уг ургамлын тариалалтыг Кени, Уганда, Руанда зэрэг Сахарын цөлөөс өмнөх бүс нутгийн улсуудад өргөжүүлбэл 100-111.5 сая хүнийг өлсгөлөнгөөс аврах бүрэн боломжтой юм. Учир нь Энсет жилийн аль ч улиралд ургац өгдөг төдийгүй буудай, эрдэнэ шишийг сүйтгэдэг ган гачгийг тэсвэрлэх онцгой чадвартай тул мэргэжилтнүүд түүнийг "ногоон хөрөнгө", "хүнсний банк" хэмээн өндрөөр үнэлдэг байна.

Хэдийгээр Зүүн болон Өмнөд Африкийн бусад нутагт зэрлэг байдлаар ургадаг ч Энсет өнөөг хүртэл ганцхан улсад нутагшсан хэвээр байгаа нь хэд хэдэн томоохон шалтгаантай холбоотой аж.
Тухайлбал, ургацыг хураах, хальслах, газар доор исгэх ажиллагаа маш их гар хөдөлмөр шаарддаг бөгөөд энэ нарийн мэдлэгийг гураге, сидама үндэстний эмэгтэйчүүд үе дамжин өвлүүлж иржээ. Түүнчлэн тус ургамал нь Этиопын генетик нөөц, соёлын өвд тооцогддог тул хил давуулан гаргахад засгийн газрын хатуу хяналт зохицуулалт үйлчилдэг байна. Мөн олон улсын хөдөө аж ахуйн судалгаанууд эрдэнэ шиш, улаан буудай зэрэг нийтлэг тарималд голчлон анхаарч, Энсетийг олон жилийн турш судалгааны гадна орхисон нь нөлөөлсөн байна.
Сүүлийн жилүүдэд энэхүү хүндрэлийг шийдвэрлэх орчин үеийн технологийн шийдлүүд нэвтэрч эхэллээ. Тухайлбал, механик үрэгч төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулснаар тариаланч эмэгтэйчүүдийн биеийн хүчний ачаалал эрс буурч, бүтээмж нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ олон улсын түншүүд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд эд эсийн өсгөврийн аргаар өвчинд тэсвэртэй шинэ сортуудыг гарган авч, байгаль цаг уурын бусад бүсэд аюулгүй дасан зохицуулахаар ажиллаж байгаа нь дэлхийн дулаарал эрчимжсэн өнөө үед чухал гарц болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.