Насанд хүрэгчид шинэ найз нөхөдтэй болох шинжлэх ухааны аргуудыг эрдэмтэд танилцуулав
АНУ-ын насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь ганцаардалд өртөж буй өнөө үед найз нөхөрлөлийг бий болгох болон хадгалах нь хувь хүний эрүүл мэндэд нэн чухал хүчин зүйл болоод байгааг эрдэмтэд онцоллоо.
Судлаач Жулианн Холт-Лунстадын хийсэн судалгаагаар нийгмийн бат бөх холбоогүй байх нь өдөрт 15 ширхэг тамхи татахтай дүйцэхүйц эрүүл мэнд, нас баралтын эрсдэлийг дагуулдаг байна. Түүнчлэн 2023 оны АНУ-ын Ерөнхий мэс засалчийн зөвлөмжид нийгмийг хамарсан ганцаардлын асуудал хурцадсаныг сануулсан бөгөөд сүүлийн үед цахим орчинд "хэрхэн найзтай болох вэ" гэсэн хайлт "хэрхэн дурлах вэ" гэх хайлтаас давж гарсныг Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн Нөхөрлөл судлалын төвийн тэргүүн доктор Жэйми Кремс тэмдэглэжээ.
Доктор Жэйми Кремсийн тайлбарласнаар насанд хүрсэн хойноо найз нөхөдтэй болох нь санамсаргүй тохиолдол бус, харин суралцаж болдог тодорхой ур чадварт тулгуурладаг. Нөхөрлөл тогтооход байнгын харилцан үйлчлэл болон бие биенээ татах хүсэл гэсэн хоёр гол хүчин зүйл шаардлагатай бөгөөд тодорхой нэг газарт тогтмол очих замаар уулзалтын давтамжийг зориудаар бүрдүүлэх боломжтой.
Түүнчлэн Дартмут коллежийн социологийн профессор доктор Жанис Маккейб гүйлтийн баг, уран зураг болон жүжиглэх урлагийн дугуйлан зэрэг бусадтай чөлөөтэй ярилцах боломжтой орчин буюу "нөхөрлөлийн зах зээл"-ийг сонгож харилцаа үүсгэхийг зөвлөсөн байна.
Харилцааг гүнзгийрүүлэхэд бусдаас жижиг тусламж хүсэх арга нь харилцан итгэлцлийг бий болгодог сэтгэл зүйн үр нөлөөтэй аж. Үүний сацуу Виржиниагийн их сургуулийн дэд профессор, доктор Элисон Нагел өөрийн чухал мэдрэмж, түүхээ нээж хуваалцах нь бусдын итгэлийг татах гол түлхүүр болдгийг тодотгов. Ингэхдээ хэт хувийн нууцаа дэлгэхээс сэргийлж "Үүнийг би автобусанд таарсан танихгүй хүнд ярих уу?" гэх асуултаар өөрийгөө хянаж, итгэлцлийг алхам алхмаар бий болгохыг тэрээр сануулжээ.
Одоо байгаа нөхөрлөлөө хадгалахад ч олон цаг зав гарахыг хүлээх шаардлагагүй бөгөөд өдөрт ердөө таван минут чин сэтгэлээсээ холбогдох нь харилцааг амьд байлгахад хангалттай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Нийгмийн харилцааны хомстол ихэссэн энэ цаг үед шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дадлуудыг хэрэгжүүлэх нь ганцаардлыг даван туулж, эрүүл мэндээ хамгаалах хамгийн бодит алхам болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.