Олон улсын тогоруу хамгаалах сангийн үүсгэн байгуулагч, доктор Жорж Арчибалдыг "Найрамдал" медалиар шагналаа

Олон улсын тогоруу хамгаалах сангийн үүсгэн байгуулагч, доктор Жорж Арчибалдыг "Найрамдал" медалиар шагналаа

Монгол Улсад тогоруу, ус намгархаг газрын судалгаа, хамгааллыг хөгжүүлэх, байгаль хамгааллын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон жилийн турш оруулсан хувь нэмрийг нь үнэлж Олон улсын Тогоруу хамгаалах сангийн /International Crane Foundation/ үүсгэн байгуулагч, байгаль хамгаалагч доктор Жорж Арчибалдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа.

f9698fe3f8eb41d6953f6954eee19eadШагналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, Монгол Улсын байгаль хамгааллын салбарт гуч гаруй жилийн турш оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийллээ.

“Найрамдал” медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр болон олон талт харилцааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнадаг. Доктор Жорж Арчибалдыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагуудын саналаар уг шагналд тодорхойлсон юм.

aeef0bd48504419a944c2a355c921717Доктор Жорж Арчибалдын Монгол Улстай хамтран ажилласан түүх 1992 оноос эхэлдэг. Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжиж байсан тухайн үед тэрээр Монголын биологич, академич А.Болд, доктор Н.Цэвээнмядаг нарыг АНУ-ын Висконсин мужийн Барабу хот дахь Олон улсын Тогоруу хамгаалах санд урьж, тогоруу болон ус намгархаг газрын судалгаа, хамгааллын олон улсын туршлагатай танилцуулсан нь энэ чиглэлийн урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Дагуурын дархан цаазат газар байгуулагдаж, улмаар Монгол, Орос, Хятад гурван улсын хил дамнасан Дагуурын олон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагаа хөгжсөн нь Зүүн хойд Азийн нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой болсон.

Сүүлийн жилүүдэд Олон улсын Тогоруу хамгаалах сан нь Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй хамтран Хэнтий аймгийн Хурх, Хүйтний хөндийд цэн тогоруу болон ус намгархаг газрын урт хугацааны судалгаа, мониторинг, хамгааллын ажлыг тогтвортой хэрэгжүүлж байна. Олон жилийн судалгаа, хамгааллын ажлын үр дүн нь тус нутгийн байгаль хамгааллын үнэ цэнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж, хоёр зуун мянга гаруй га талбай бүхий Хурх-Хүйтэний байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авахад бодит хувь нэмэр оруулсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.