Оросын зэвсэгт хүчин худалдааны төвд цохилт өгснөөр таван хүн нас барж, 67 хүн шархаджээ
Украины Днепропетровск мужийн Павлоград хотын худалдааны төв болон захын бүсэд Оросын талаас цохилт өгсний улмаас одоогийн байдлаар таван энгийн иргэн амиа алдаж, 67 хүн шархадлаа.
Халдлага хотын төвийн гудамж талбай болон худалдааны цэгүүд энгийн иргэдийн хөл хөдөлгөөнөөр дүүрэн байх үед өдрийн цагаар болсон байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийн дунд найман хүүхэд байна. Мөн, газар дээр нь ажиллаж байсан Онцгой байдлын албаны хоёр аврагч цохилтод өртөн гэмтсэн байна.
Эвдэрч сүйдсэн объектуудын 90 орчим хувь нь худалдаа, үйлчилгээний зориулалттай газрууд байгаа аж. Оросын зэвсэгт хүчин нисгэгчгүй онгоц болон удирдлагатай зэвсэг ашигласны улмаас худалдааны павильонууд, мухлаг, дэлгүүрийн лангуунууд болон иргэдийн олон тооны тээврийн хэрэгсэл галд шатаж, хотын төвийн бүс их хэмжээгээр сүйджээ.
Энэхүү халдлагыг Украины өндөр албан тушаалтнууд эрс буруушааж байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Иван Выхивский оросууд хөл хөдөлгөөн ихтэй газрыг зориуд онилсон гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Володимир Зеленський энгийн номхон иргэдийг хамгаалахын тулд агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмж нийлүүлэхийг олон улсын түншүүддээ дахин уриаллаа.
Гадаад хэргийн сайд Андрей Сибига энэхүү үйлдлийг ард иргэдийн дунд түгшүүр төрүүлэх зорилготой, энгийн иргэдийн эсрэг чиглэсэн санаатай терроризм гэж дүгнэсэн байна.
Фронтын шугамаас 75-80 километрийн зайд орших Павлоград хот нь аж үйлдвэр, төмөр замын чухал зангилаа төдийгүй дүрвэсэн иргэдийг хүлээн авах төв болж байсан тул сүүлийн үед агаарын дайралтад өртөх нь нэмэгдээд байсан юм. Днепропетровск мужийн хэмжээнд Оросын тал нисгэгчгүй онгоц, их буугаар 30 гаруй удаа цохилт хийсэн бөгөөд бүс нутгийн хэмжээнд нийт долоон хүн амиа алдаж, 76 хүн бэртсэн зэрэг томоохон хэмжээний агаарын довтолгооны нэг хэсэг болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.