Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханы авлигын хэргүүдийг шалгаж дуусжээ

Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханы авлигын хэргүүдийг шалгаж дуусжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга зэрэг төрийн албан тушаал хашиж байсан А.Гылымханы авлигын хэргүүдийг шалгаж дуусжээ. Тус хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 4-ний хооронд эрүүгийн 1072 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Тэдгээрийн дотор А.Гылымханы албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосон үйлдэл багтжээ.

Тэрбээр Баян-Өлгий аймагт удирдах албан тушаал хашихдаа хэд хэдэн хэрэгт холбогдсон билээ.

Тус аймгийн зарим газар, уул ус, багийн нэрийг өөрчилсөн хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан А.Гылымхан 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга хэмээх улс төрийн албан тушаал хашиж байсан, дараа нь АТҮТ-ийн дэд даргын албанд нэг хэсэг томилогдсон юм.

А.Гылымханыг өнгөрсөн оны зун Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 23.2-1 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэснийг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байсныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Гэвч уг хэргийг орон нутгийн шүүх нь шийдэлгүй буцаасан аж.

Тэрбээр нэр бүхий иргэнийг хууль бусаар албан тушаалд томилуулсан, цэцэрлэгийн барилгын ажлыг хийлгэхдээ 600 сая төгрөгийн төсөвт өртгийг нэг тэрбум 251 сая болгон нэмэгдүүлж, нэг багц ажлыг хоёр хувааж тендер зарлан бусдад давуу байдал бий болгосон, хувийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг. Тодруулбал, А.Гылымхан Засаг дарга байхдаа 2019 онд захирамж гаргаж А.Болат гэх хүнийг Дотоод хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер гэх албан тушаал бий болгон ажилд томилсон. 2018 онд 600 сая төгрөгөөр барихаар тусгасан цэцэрлэгийн барилгын төсвийг 1.2 тэрбум болгон нэмэгдүүлэн батлуулж, тендерийг нь хоёр хуваан зарлаад “Алтай шар говь” ХХК-тай гэрээ байгуулж давуу байдал үүсгэсэн. Төсвийн хөрөнгөөр авсан 19.6 сая гаруй төгрөгийн үнэлгээтэй ЭХО аппаратыг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Самарханы хамаарал бүхий хувийн эмнэлэгт олгосон гэх үйлдэлд буруутгагдаж буй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.