Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөлөө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл болон дүүргийн салбар комисс хамтран Сонгинохайрхан дүүргийн 30, 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Давхарлагт байшин суварга” буюу” Хамбын овоо”-нд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн буяны ном хурлаа.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн комиссын дарга Д.Ихбаяр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Золбоо, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Монголын Бурхан шашны “Соёмбо сүм” ТББ-ын тэргүүн Б.Ариунбуян болон цэргийн анги, байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон холбогдох албан хаагчид оролцлоо.
1930-аад оны улс төрийн их хэлмэгдүүлэлт бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлт хуудасны нэг юм. Тухайн үед 37 мянга орчим иргэн хэлмэгдэж, Хамбын овоо орчмоос л гэхэд 575 хүний үлдэгдэл бүртгэгдсэн тухай баримт бий.
Энэ бол зүгээр нэг тоо биш. 575 хүний амьдрал, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийн хагацал, Монголын ард түмний туулсан хүнд хэцүү түүхийн нэгээхэн хэсэг юм.
Иймээс бид 1996 оноос эхлэн энэ өдрийг жил бүр тэмдэглэж, хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэн, түүхийн үнэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээж ирсэн. Энэхүү гашуун түүх бидэнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, хүний эрхийг ямагт дээдлэн хамгаалах учиртайг сануулдаг.
Хамбын овоо бол зөвхөн нэгэн газар нутаг бус, өнгөрсөн түүхийн гашуун үнэнийг гэрчлэн үлдсэн, хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэн санах ариун дагшин газар юм.
Өнөөдрийн бидний хүндэтгэл бол өнгөрснийг мартах бус, үнэнийг санаж, түүхийн сургамжаа ухаарч, ийм эмгэнэлт явдал дахин давтагдахгүй байхыг хойч үедээ захин үлдээж буй үйл хэрэг билээ.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.