"Apple" компанийг Жон Тернус удирдаж эхэллээ
Технологийн "Apple" аварга компанид түүхэн шинэ эрин үе эхэлж, 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс Жон Тернус шинэ Гүйцэтгэх захирлаар (CEO) албан ёсоор ажиллаж эхэллээ.
Тус компанийг бараг 15 жилийн турш удирдсан Тим Күүк Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх даргаар ажиллахаар шилжсэн байна. Энэхүү түүхэн удирдлагын өөрчлөлт нь 2026 оны есдүгээр сарын 9-ний лхагва гаргийн техник хангамжийн жил бүрийн томоохон арга хэмжээний өмнөхөн тохиож байгаагаараа онцлог юм.
Шинэ захирал Жон Тернус нь 51 настай, механик инженер мэргэжилтэй бөгөөд 2001 онд "Apple" компанид элсэж байжээ. Тэрбээр 20 гаруй жил тус компанид ажиллахдаа Техник хангамжийн инженерчлэл хариуцсан ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаалд хүрч, "Mac", "iPad", "iPhone", "Apple Watch", "AirPods" зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлт болон "Apple Silicon" чип рүү шилжих шилжилтийг амжилттай удирдсан туршлагатай.
Үйл ажиллагааны үр ашиг, нийлүүлэлтийн сүлжээгээрээ алдартай Тим Күүкээс ялгаатай нь Тернус нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн удирдагч тул шинжээчид түүнийг техник хангамжийн инновацыг компанийн стратегийн төвд эргүүлэн авчирна гэж хүлээж байна.
Жон Тернус 4 их наяд гаруй ам.доллароор үнэлэгддэг санхүүгийн аварга компанийг хүлээн авч байгаа ч түүний өмнө хэд хэдэн томоохон сорилтууд тулгарч байна.
Хамгийн эхний сорилт бол хиймэл оюун ухааны (AI) уралдаанд өрсөлдөгчдөө гүйцэх явдал юм. "Apple" компани нь "Google", "Microsoft", "OpenAI", "Samsung" зэрэг өрсөлдөгчдөөсөө хиймэл оюун ухааны салбарт хоцорч байна гэж үнэлэгддэг бөгөөд шинэ захирал "Apple Intelligence" системд суурилсан, "ChatGPT", "Claude" загваруудтай өрсөлдөх чадвартай "Siri" туслахыг амжилттай нэвтрүүлэх шаардлагатай. Түүнчлэн орлогынхоо тал гаруй хувийг бүрдүүлдэг "iPhone" утаснаас хэт хамааралтай байдлыг бууруулж, нугардаг утасны зах зээлд нэвтрэх зэргээр бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх шаардлага тулгарчээ.
Үүнээс гадна дэлхийн хэмжээнд үүсээд буй санах ойн чип болон процессорын хомстол нь үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж байгаа тул Тернус компанийн өндөр ашгийн хэмжээг хадгалахын зэрэгцээ үнийн дарамтыг тэнцвэржүүлэх хэрэгтэй болж байна. Геополитикийн хувьд БНХАУ-ын зах зээл дэх борлуулалтын уналтыг зогсоож, "Huawei", "Xiaomi" зэрэг дотоодын хүчтэй өрсөлдөгчидтэй тэмцэх, АНУ-ын худалдааны бодлогын өөрчлөлтийг зохицуулах шаардлагатай. Мөн сүүлийн жилүүдэд "OpenAI" зэрэг өрсөлдөгчид рүү шилжсэн техник хангамж болон хиймэл оюун ухааны шилдэг инженерүүдийг тогтоон барих, шинэ авьяаслаг боловсон хүчнийг татах нь түүний шийдвэрлэх гол асуудлуудын нэг юм.
Тим Күүкийн удирдлага дор "Apple" компанийн хувьцааны үнэ 2000 хувиар өсөж, түүхэн амжилт тогтоосон тул Жон Тернусын хувьд түүний сүүдрээс гарч, өөрийн гэсэн бие даасан удирдагчийн замыг засах нь хамгийн том сорилт байх нь ээ. Хэдийгээр Тим Күүк Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх даргаар үлдэж байгаа ч Тернус ирэх арван жилд "Apple" компанийг хэрхэн чиглүүлэх нь технологийн салбарын ирээдүйг тодорхойлох болно.
Эх сурвалж:
• bgr.com
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.