🔴МАН: Төсвийн тодотголоор цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, эрчим хүчний үнийг тогтвортой хадгална
УИХ дахь Монгол ардын нам (МАН)-ын бүлгээс цаг үеийн болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн зүгээс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд иргэдийнхээ орлогыг хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой барих чиглэлээр Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын төслийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлэв.
Энэ удаагийн төсвийн тодотголоор Засгийн газар дотоод зардлаа танаж, нийт нэг их наяд 440.9 тэрбум төгрөгийн орон зайг бий болгосон байна. Энэ хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх гол бодлогуудыг дараах байдлаар танилцууллаа.
Сангийн сайд З.Мэндсайхан:
Төсвийн тодотголоор цалин хөлсийг нэмэгдүүлэхэд нийт 674.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн үнэлэмжийг боловсролын салбартай ижил түвшинд хүргэх зорилгоор ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэн цалинг нь 20 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн зөрүү арилж, ижил түвшинд очих боломж бүрдэж байгаа.
Өнөөгийн эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлтөд хамгийн их өртөж байгаа хэсэг бол ахмадууд юм. Засгийн газраас хаврын чуулганаар өргөн барьж батлуулсан Тэтгэврийн багц шинэчлэлийн хүрээнд суурь тэтгэврийн ойлголтыг бий болгож, тэтгэврийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хуулийн үйлчлэл уг нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр төлөвлөгдөж байсан.
Гэвч эдийн засгийн хүндрэлтэй үед ахмадуудынхаа орлогыг хамгаалах зорилгоор хуулийн хэрэгжилтийг наашлуулж, энэ оны 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуулийн өөрчлөлтийг төсвийн тодотголтой хамт оруулж ирсэн. Төсвийн тодотгол батлагдсанаар нийт 450 мянган ахмадын тэтгэвэр 11 дүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Тодотгол батлагдсанаар дундаж тэтгэврийн хэмжээ нэг сая 100 орчим мянган төгрөгт хүрнэ. Цаашид он гараад инфляцын түвшинтэй уялдуулан ахмадуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байна.
Долоодугаар сарын байдлаар инфляцын түвшин 13 хувьтай гарсан бөгөөд үүний 50 хувь буюу 6.5 хувийг дотоодын хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа гурил, махны үнийн өсөлт эзэлж байна. Нөгөө талдаа нефтийн бүтээгдэхүүн, гадаад орчны эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг бидний удирдаж чадахгүй гадаад инфляцын дарамт өндөр байна. Манай улс импортоос өндөр хамааралтай тул инфляцыг шууд импортолж байгаа хэрэг.
Иймд Засгийн газар нийлүүлэлтийн шалтгаантай, удирдаж болох инфляцыг бууруулах, нөөц бүрдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч байна.
- Хүнсний нөөц бүрдүүлэлт: Мах, гурил, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлж, хангамжийг тогтворжуулахад зориулж хөдөө аж ахуйн салбарт 150 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж байна. Мөн уул уурхайн салбарт түлш нөөцлөх чиглэлд дэмжлэг үзүүлнэ.
- Дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй: Засгийн газар энэ жил дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй байх бодлого баримталж байна. Манай улс ОХУ болон БНХАУ-аас гурван бүс нутгаар дамжуулан эрчим хүч импортолдог бөгөөд үүний тарифын зөрүү нь 107 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Хэрэв энэ татаасыг өгөхгүй бол иргэдийн хэрэглээний дулаан, цахилгааны үнэ шууд нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс хэрэглэгчдэд ирэх ачааллыг бууруулах зорилгоор 107 тэрбум төгрөгийг тарифын зөрүүний татаасанд зориулж эрчим хүчний салбарт олгохоор шийдвэрлэв.
- Эрчим хүчний засвар, шинэчлэл: Өнгөрсөн өвөл нийт 17 удаагийн эрчим хүчний хязгаарлалт хийгдсэн. Ирэх өвлийн ид ачааллын үед иргэдийг цахилгаан, дулаанаар тасалдуулахгүй, өвөлжилтийг хүндрэлгүй давуулахын тулд төлөвлөгөөт засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгах шаардлагатай. Үүнд зориулж 92.7 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж байна. Ингэснээр эрчим хүчний салбарт тодотголоор нийт 200 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.
Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн "Гэртээ ойрхон сургууль" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Нэг ангид 48-аас дээш хүүхэдтэй, ачаалал өндөртэй 1080 орчим сургууль байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд анги танхимын хүрэлцээг нэмэгдүүлж, дүүргэлтийн ачааллыг бууруулж чадсан. Боловсролын сайдын мэдээлснээр, эцэг эхчүүдийн зүгээс ч тус хөтөлбөрийг маш үр дүнтэй, ачааллыг бодитоор бууруулсан ажил боллоо хэмээн эерэгээр хүлээн авч байгаа.
Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барихдаа шинээр ямар нэгэн зардал нэмээгүй, өмнө батлагдсан зардлын хүрээнд зохицуулалт хийж байгаа тул инфляцад үзүүлэх нөлөөлөл нь хамгийн бага байна гэж тооцсон. Нийт 1.4 их наяд төгрөгийн тодотголын 400 тэрбум төгрөгийг зөвхөн инфляцын эсрэг нийлүүлэлтийг зохицуулах, нөөц бүрдүүлэх чиглэлд зарцуулж байгаа.
2026 оны хаврын чуулганаар Татварын багц хуулийг баталсан. Нийт 2.4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үлдээхээр шийдвэрлэсэн. Үүнд:
- НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг хүртэл нэмэгдүүлсэн.
- Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бичил бизнес эрхлэгчид 1 хувийн татвар төлдөг байсан бол уг таазыг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөсөн.
- Хүн амын орлогын албан татварын хувьд 792 мянган төгрөг хүртэлх орлогыг 0 хувь, түүнээс дээшхийг 1 хувиар тооцохоор болсон.
Эдгээр татварын таатай зохицуулалтууд болон хаврын чуулганаар батлагдсан Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудын нөлөөлөл 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болон хэрэгжиж эхэлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.