Оюу Толгойн цахилгааны шугамд шувуу орж, гүний уурхайн өргүүрт 61 ажилтан зургаан цаг гацжээ
Энэ сарын 3-ны өдрийн 18.00 цагийн орчимд Оюу толгойн гүний уурхайгаас газрын гадарга руу гарахаар өргүүрт орсон 61 ажилтан 1226 метрийн гүнд гацсан осол гарсан байна. Ажилчид нийт зургаан цагийн турш газрын гүнд гацжээ.
Уг асуудалтай холбоотойгоор Оюу толгой ХХК-иас дараах мэдээллийг өгөв.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2026 оны 9 дүгээр сарын 3-ны орой гүний уурхайн өргүүрийн ажиллагаа саатсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой дараах тодруулгыг хүргэж байна.
Тухайн өдрийн 18:10 цагт уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүссэн. Улмаар гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүрийн аюулгүйн шаталсан систем идэвхжиж, өргүүр зогсож саатсан ба ажиллагааг сэргээхэд хугацаа шаардагдсан.
Уурхайн холбогдох багууд нягт уялдаатай ажиллаж, өргүүрт байсан 61 ажилтныг тухайн оройн 23:57 цагт гадарга руу аюулгүй бөгөөд бэртэл гэмтэлгүй гаргасан.
Өргүүр зогссон хугацаанд агаарын урсгал хэвийн байсан бөгөөд ажилтнуудтайгаа байнгын холбоо харилцаатай байж, тогтмол хяналт тавьж ажилласан.
Ажилтнуудыг гадарга руу гарсан даруйд эмч, сэтгэл зүйч нар хүлээн авсан бөгөөд сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг ажилтнууд болон гэр бүлд нь үзүүлж байна.
Бидний хувьд ажилтнуудын маань аюулгүй байдал, эрүүл мэнд ямагт нэгдүгээрт тавигддаг. Болсон үйл явдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж байгаа бөгөөд бид шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлэх болно гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.