Сурах бичгийг сугалаагаар олгосон гэх мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл гэв

Сурах бичгийг сугалаагаар олгосон гэх мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл гэв
Боловсролын Ерөнхий газраас энэ жилийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн хангалтын талаар мэдээлэл өглөө.
 
Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендерийг зарласан байна. Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байгаа аж. 
 
Харин 2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул өмнөх жилүүдийн сурах бичгийн нөөц хангалттай байгааг дурджээ. Гэсэн хэдий ч сурагчдын тоо сургуулиудын хувьд жил бүр харилцан адилгүй өөрчлөгддөг тул сурах бичгийн хүрэлцээ муутай зарим сургуульд нөөцөөс шилжүүлэн хуваарилах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгааг Боловсролын ерөнхий газрын дарга онцолжээ. 
 
Мөн 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөцөөр нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үлдсэн хэрэгцээг хангах зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендерийг зарлаж, хэвлэх, түгээх ажлыг үргэлжлүүлж байгаа гэв. Ингэснээр сурах бичгийн хангалт 85 хувьд хүрэхээр байна.
 
Түүнчлэн зарим сургуульд сурах бичгийг сугалаагаар олгосон гэх санал, гомдол ирсэн талаар мэдээлэл гарсан ч энэ нь үндэслэлгүй болохыг Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.