Иран улс өндөр хэрэглээтэй иргэдийн шатахууны үнийг хоёр дахин нэмлээ
Иран улсын Засгийн газраас сард 110 литрээс дээш бензин хэрэглэдэг өндөр хэрэглээтэй иргэдийнхээ шатахууны тарифыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, шинэ үнэ тарифыг 2026 оны есдүгээр сарын 8-ны мягмар гаргийн өглөөнөөс эхлэн мөрдөж эхлэхээр тогтжээ. Энэхүү зохицуулалт нь дотоодын зах зээл дэх шатахууны хомстолыг бууруулах, хууль бус наймаатай тэмцэх зорилготой аж.
Иран улс нь иргэддээ шатахуун олгохдоо гурван шатлалт квотын системийг ашигладаг бөгөөд шинэ шийдвэрээр зөвхөн гуравдугаар шатлалын үнэд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, эхний 60 литр шатахууныг багтаасан нэгдүгээр шатлалын үнэ литр тутамд 1,500 туман, дараагийн 50 литрийг багтаасан хоёрдугаар шатлалын үнэ 3,000 туман хэвээр үлдэх юм. Харин 110 литрээс хэтэрсэн гуравдугаар шатлалын хэрэглээний тарифыг өмнө нь литр тутамд 5,000 туман байсныг хоёр дахин нэмэгдүүлж, 10,000 туман буюу ойролцоогоор 100,000 Ираны риал (4.5 ам.цент) болгон өсгөжээ. Ираны албан бус мөнгөн тэмдэгт болох нэг туман нь 10 риалтай тэнцдэг байна.
Шатахууны үнийг нэмэх болсон нь хэд хэдэн шалтгаантай байна. Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас Ираны газрын тос боловсруулах хүчин чадал буурч, дотоодын зах зээлд өдөрт 14-15 сая литр шатахууны хомстол үүсээд байна. Үүнээс гадна Ойрхи Дорнодод өрнөж буй дайн, АНУ-аас Ираны эдийн засгийг тусгаарлах зорилгоор авч буй хориг арга хэмжээ болон боомтуудын тэнгисийн цэргийн бүслэлт зэрэг нь эдийн засагт асар том дарамт учруулж байгаа юм. Мөн Ираны бензин дэлхийд хамгийн хямдад тооцогддог тул хөрш орнууд руу хууль бусаар зөөвөрлөх явдал газар авч, дотоодод хэт үрэлгэн хэрэглээ гарах болсон нь үнийг нэмэхээс өөр аргагүйд хүргэжээ.
Эх сурвалж:
• ikon.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.