Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тосны эрэл хайгуулын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, түлш, эрчим хүчний хараат байдлыг үе шаттайгаар бууруулах чиглэлээр асуудлыг ул сууриар нь шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах чиглэлээр газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх ажлууд идэвхтэй өрнөж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Манай улсын түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулагчдад бид нээлттэй байж, тэдний эрх ашгийг тууштай хамгаалдаг байх ёстой. Хөрөнгө оруулагчдыг урьж авчирчхаад эргүүлээд хөөж явуулдаг улс орон гэж байж болохгүй. Улсын Их Хурлаар батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон удахгүй Их хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн дагуу газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдах ёстой.
Мөн газрын тосны салбарын хэвийн үйл ажиллагаанд саад тотгор учруулж буй үйлдлүүдэд хяналт тавих шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт газрын тосны эрэл хайгуул, олборлолтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс холбогдох талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгож байна.
Монгол Улс жилд 2.2 тэрбум ам.долларын бензин, шатахууныг импортоор авдаг. Цаашид газрын тосоо дотоодоосоо олборлодог болох нь стратегийн чухал ач холбогдолтой. Ирээдүйд ашиглалтад орох газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газар бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Газрын тосны салбарт ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн айдасгүйгээр, тогтвортой ажиллах ёстой. Иймд Хууль зүйн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар тооцооллоо гаргаж, шийдвэрээ Засгийн газрын хуралдаанаар оруулж албажуулах хэрэгтэй. Газрын тосны эрэл хайгуулын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Үйлдвэр ашиглалтад орох хугацаатай уялдуулан 100 хувь дотоодын цэргийн хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлнэ. Дэлхийн улс орнууд ч газрын тосны үйлдвэрүүдээ хамгаалалтад авдаг. Энэ бол үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Үүнийг ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.