Есөн улсын 150 гэрэл зурагчин “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож байна
23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивалийг 2026 оны есдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байна.
Өнөөдөр фестивалийн хүрээнд дэлхийн есөн улсын 150 гаруй гэрэл зурагчин Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслолыг сурвалжилж, түүх, соёл, шашны өв уламжлалыг гэрэл зургийн хальснаа буулгалаа. Энэ үеэр албаны хүмүүс болон гэрэл зурагчдаас байр суурийг нь тодрууллаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Н.Алтанзаяа:
-23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивалийн бэлтгэл ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлж, есдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа. Есөн улсаас 153 гэрэл зурагчин оролцож байна. Өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслолын зургийг авлаа. Дараа нь Чойжин ламын сүм музей, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Мянган морьтон” арга хэмжээ зэргийг зохион байгуулна. “Мянган морьтон” арга хэмжээний үеэр морьт харвааны тэмцээнд 7 улсын 13 тамирчин оролцоно. Улаанбаатарт жуулчдыг татах зорилгоор олон улсын аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна.

“Чандмань Трэвел” компанийн гүйцэтгэх захирал Д.Өлзийсайхан:
-Сингапур улсад төвтэй “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдыг нэгтгэсэн нийгэмлэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн 13 орныг эгнээндээ нэгтгэсэн. Энэ жил 23 дахь жилдээ Монгол Улсад цугларч байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивалиар Монголын аялал жуулчлалыг сурталчилж, цамын үзүүлбэр, морины соёл, хотын гэрэл зураг, “Нүүдэлчдийн нийслэл” зэрэг агуулгыг олон улсад таниулахыг зорьж байна.

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэтуяа:
-Монгол Улс “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд 2 жилийн өмнөөс оролцсон ч өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа нь Монголын гэрэл зурагчдын хувьд бахархалтай үйл явдал болж байна. 2024 онд “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Сингапур улсад болж, Монгол Улс анх удаа оролцсон. Тухайн жил миний оролцсон баг алтан медаль хүртэж байсан. Энэ жил Улаанбаатарт 9 орны 140 гаруй гэрэл зурагчин нэг үйл явдлыг 140 өөр өнцгөөр авна. Уг фестивальд Монголоос оролцох гэрэл зурагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Аливаа орны ард түмэн, соёл, уламжлалыг гэрэл зурагт буулгах сонирхолтой

Сингапур улсын Гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Эдди:
-Олон улсаар аялж, гэрэл зураг авч байсан. Монголд анх удаа ирж байна. Монголын Ганданд цам харайх ёслолын зураг авч байгаадаа баяртай байна. Тухайн орны ард түмэн, соёл, уламжлалыг гэрэл зурагт буулгах сонирхолтой.
Монголын талаар олон сайн зураг авахыг зорьж байна

Солонгос улсын гэрэл зурагчин Кёнчоль:
-Солонгосын багийг 23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд урьсанд баярлалаа. Монголын ард түмэн маш эелдэг, сайхан сэтгэлтэй санагдлаа. Өнөөдөр арга хэмжээний эхний өдөр ч гэсэн олон сайн зураг авахын тулд хичээнэ.

Монгол Улсын гэрэл зурагчин М.Мөнхзул:
-“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаа Монголд 9 орны 140 гаруй гэрэл зурагчин оролцож байна. Мэргэжлийн гэрэл зурагчид Монгол орны түүх, соёл, ахуй амьдрал, уламжлалыг харуулсан сонирхолтой зургууд авч, орон орондоо олон нийтэд танилцуулна.











Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.