Вьетнамд түүхэн дэх хамгийн том хар тамхины сүлжээг илрүүлж 11 хүнд цаазын ял оноов
Вьетнамын Хо Ши Мин хотын шүүхээс тус улсын түүхэн дэх хамгийн том хар тамхины сүлжээний хэрэг болох "VN10"-ыг шийдвэрлэж, бүлэглэлийн толгойлогч Ха Дан Нам тэргүүтэй 11 хүнд цаазаар авах ял оноожээ. 2026 оны есдүгээр сарын 3-ны пүрэв гаргийн шүүх хурлаар гарсан уг шийдвэрээр нийт 227 хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 19-22 хүнд бүх насаар нь хорих ял оноож, бусад холбогдогчдод 18 сараас 29 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Энэхүү дуулиант хэрэг анх 2023 оны гуравдугаар сард Парисаас Хо Ши Мин хотод ирсэн "Vietnam Airlines" компанийн дөрвөн нисэх онгоцны үйлчлэгчийн ачаанаас хар тамхи илэрснээр задарч байжээ. Тэдний тээвэрлэж явсан 157 ширхэг шүдний оонд 11 орчим килограмм жинтэй MDMA, кетамин болон кокаин зэрэг бодисыг нуусан байсан юм. Мөрдөн байцаалтын явцад онгоцны үйлчлэгчид ачаан дотор хориотой бодис байгааг мэдээгүй, тэднийг хууран ашигласан болох нь тогтоогдсон тул тэдэнд ял оноогоогүй байна.
Гэмт хэргийн бүлэглэлүүд Францаас Вьетнам руу хар тамхи нэвтрүүлэхдээ ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр ашигладаг байжээ. Тэд хориотой бодисыг шүдний ооноос гадна хүнсний нэмэлт тэжээл, угаалгын нунтаг, ам зайлагч шингэн, кофе зэрэгт нарийн аргаар нуун илгээдэг байсан аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг сүлжээгээр дамжсан мөнгөний нийт эргэлт 29 их наяд дон буюу ойролцоогоор 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь Вьетнамын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хар тамхины хэрэг болж бүртгэгдлээ.
Уг хэрэгт зөвхөн тээвэрлэгч, наймаачид бус Вьетнамын шоу бизнесийн нөлөө бүхий алдартнууд холбогдсон нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Тухайлбал, алдартай поп дуучин Чи Дан, Испани гаралтай модель Ан Тэй болон сайн үйлсийн аянаараа танигдсан нөлөөлөгч Трук Фуонг нар хар тамхи зохион байгуулалттайгаар хэрэглэсэн, хадгалсан болон бусдад хэрэглэх боломж олгосон гэх үндэслэлээр тус бүр 7-8 жилийн хорих ял сонсжээ.
Вьетнам улс нь хар тамхины эсрэг дэлхийн хамгийн хатуу хуультай орнуудын нэг бөгөөд 600 граммаас дээш героин, эсвэл 2.5 килограммаас дээш метамфетамин хадгалсан, худалдаалсан тохиолдолд цаазын ял оноодог журамтай. Хэдийгээр тус улсын Засгийн газар зарим төрлийн гэмт хэрэгт цаазын ялыг халах талаар хэлэлцэж байгаа ч нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэн хар тамхины хэрэгт ийнхүү хатуу шийтгэл оноосон хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.