Баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх нь идэш тэжээлийн хомсдолтой холбоотой
Хүрэн баавгай суурьшлын бүс рүү нэвтэрсэн тохиолдол Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад гараад байна. Хэдийгээр хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй ч орон нутгийн захиргаанаас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулсаар байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, хүрэн баавгай ийнхүү хүн ам суурьшсан бүс рүү олноор орж ирэх болсон гол шалтгаан нь байгалийн идэш тэжээлийн хомстолтой холбоотой аж. Уулархаг бүс нутгуудад баавгайн үндсэн хоол тэжээл болдог самар, нэрс зэрэг зэрлэг жимс, ургамлын гарц муу байгаа тул тэд идэш тэжээл хайн нам дор газар руу буудаг байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Байгаль орчны яам болон орон нутгийн захиргаанаас иргэдэд зориулсан аюулгүй байдлын зааварчилгааг гаргалаа. Иргэдийг баавгайтай тааралдсан тохиолдолд ойртож зураг, бичлэг хийхгүй байх, чулуу шидэхгүй, хооллохгүй байхыг сануулж байна. Мөн малын тэжээл, хог хаягдал, мах болон загасан бүтээгдэхүүнийг сайтар битүүмжлэн хадгалж, үнэрээр нь баавгай татахаас сэргийлэх шаардлагатай юм.
Хүрэн баавгай нь хуулиар хамгаалагдсан ховор амьтан тул зөвшөөрөлгүй агнах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 24.9 сая төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээний торгууль ногдуулах хуулийн зохицуулалттай бөгөөд зөвхөн амь насанд шууд аюул заналхийлсэн тохиолдолд өөрийгөө хамгаалахыг зөвшөөрдөг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.