БНСУ Ормузын хоолойд цэргийн хүч байрлуулахаар бэлтгэж байна
БНСУ-ын Засгийн газар болон Батлан хамгаалах яам Ормузын хоолойд усан замын чөлөөтэй зорчих эрхийг хамгаалах зорилгоор цэргийн техник, бие бүрэлдэхүүн илгээх бодит бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Энэхүү шийдвэр нь тус бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал болон холбоотон орнуудын шахалт шаардлагатай шууд холбоотой бөгөөд Сөүлийн захиргаа энэ оны эцэс гэхэд цэргийн хүчээ байршуулахаар төлөвлөж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын талаас тэнгисийн цэргийн 11 мянган тонны даацтай "Сояан" (Soyang) хангамжийн хөлөг онгоц, "P-8A" тэнгисийн эргүүлийн нисэх онгоц болон тэсрэх бөмбөг аюулгүй болгох тусгай багийг илгээхээр төлөвлөжээ. Эдгээр техник хэрэгсэл, зэвсэглэлийг ажиллуулахад дор хаяж 150 орчим цэргийн алба хаагч шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цэргийн хүчийг байршуулах ажиллагааг 2026 оны эцэс гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар зорьж байгаа аж.
Цэргийн хүч илгээх шийдвэр нь тус улсын дотоод хууль тогтоомжийн дагуу хэд хэдэн шат дамжлагаар баталгаажих ёстой. Эхний ээлжинд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргаж, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Ерөнхийлөгч Ли Жэ Мён батлах журамтай. Үүний дараа Үндэсний Ассамблей буюу парламентаас зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд Засгийн газар энэ есдүгээр сард багтаан зөвшөөрөл хүсэх тогтоолын төслийг өргөн барихаар төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас одоогоор албан ёсны эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд бодит нөхцөл байдалд тулгуурлан боломжит хувилбаруудыг хянан үзэж байгааг мэдэгдсэн байна.
Энэхүү алхамыг хийх болсон гол шалтгаан нь бүс нутгийн аюулгүй байдлын хямрал юм. Саяхан буюу есдүгээр сарын 3-ны өдөр Ормузын хоолойд БНСУ болон Саудын Арабын эзэмшлийн ачааны хөлөг онгоцууд халдлагад өртсөн нь асуудлыг шийдвэрлэх явцыг түргэтгэжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ыг Ормузын хоолойн аюулгүй байдалд хангалттай хувь нэмэр оруулахгүй байна гэж шүүмжлэн, цэргийн хүчээ илгээхийг удаа дараа шаардсан нь нөлөөлсөн байна. БНСУ-ын газрын тосны импортын 70 орчим хувь нь энэхүү хоолойгоор дамждаг тул тээврийн замыг аюулгүй байлгах нь тус улсын эрчим хүчний аюулгүй байдалд стратегийн онцгой ач холбогдолтой юм.
Ормузын бүс нутагт Иран болон АНУ-ын хооронд мөргөлдөөн үүсэж, Иран улс Кувейт дэх АНУ-ын баазад халдсанаар нөхцөл байдал туйлын тогтворгүй болоод байна. Иймд БНСУ-ын тал цэргийн хүч илгээх асуудлаар АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотон орнуудтай үйл ажиллагааны цар хүрээ, бааз байршлын талаар идэвхтэй зөвлөлдөж эхэлжээ. Энэхүү цэргийн ажиллагаа нь олон улсын усан замын чөлөөт байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.