Монгол иргэнийг залилсан хэрэгт украин эр ял шийтгүүлэв
Украины иргэн, Бразилд оршин суух хаягтай Пётр Владимирович Пыхтин болон манай улсын иргэн Л.Түмэнжаргал нар хамтран гадаадаас хөрөнгө оруулалт татаж өгөх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ.
Тэд 2023 оны өвөл манай улсын иргэн Д.З-т “Европын банкны зээлийн шугам нээгдсэн. Чи 130 000 ам.доллар эхлээд өгчих. Буцаагаад 24 цагийн дотор Европоос газрын үнэд чинь дүйцүүлээд 390 000 ам.доллар өгнө. Мөн 110 000 доллар нэмж авна. Үргэлжлүүлээд хөрөнгө оруулалт, 3-5 сая ам.долларын 25 жилийн хугацаатай жилийн нэг хувийн хүүтэй зээл шийдэж өгнө. Эхний таван жил хүү болон үндсэн төлбөр төлөхгүй.
Монгол Улсад “Голомт”, ХААН банканд “Свифт ком”-ын тусгай хоёр данс нээх эрх байгаагийн нэгийг нь чамд өгнө” хэмээн итгүүлж 130 000 ам.доллар буюу 460 сая төгрөгийг нь авчээ. Улмаар уг мөнгийг крипто арилжаанд ашигладаг “Binance” биржийн дансанд шилжүүлсэн аж.
Украин эр манай улсын иргэнээс мөнгө авахдаа “1000 хувийн баталгаа өгч байна. Энэ ажил найдвартай бүтнэ” гэх зэргээр хуурсан гэнэ. Түүний хамтрагч Л.Түмэнжаргал нь өөрөө мөнгөгүй болчихлоо гээд хохирогч Д.З-аар П.В.Пыхтины зочид буудал, байр хөлслөх зардал, хоол ундных нь төлбөрийг ч гаргуулсан юм байна. Гэвч хэлсэн хугацаандаа иргэн Д.З-ын мөнгийг буцааж өгөхгүй, “Монголбанкны албан тушаалтан орж ирсэн 10 сая ам.долларыг гацаагаад хахууль нэхээд байгаа учраас санхүүжилтийг буцааж Турк рүү шилжүүлсэн” гэх мэтээр элдэв шалтаг хэлсээр байсан аж.
Тиймээс Д.З цагдаад хандахаа мэдэгдэж, Л.Түмэнжаргалаас Украины иргэний талаар лавлахад “Бразил улсад хар тамхины хэргээр хоригдож байгаад оргож гарч ирээд надтай холбоо барьсан. Зардлыг нь даагаад нааш нь авч ирсэн юм. Би 10 орчим жилийн өмнө П.В.Пыхтинтэй хамтарч виза картны хуурамч бэлдэц ашиглаж хүмүүсийн данснаас мөнгө авдаг байсан” гэжээ. Хохирогч цагдаад хандахаа мэдэгдсэний дараа украин эр оргож болзошгүй байжээ.
Энэ тухай хохирогч Д.З мэдүүлэхдээ “Консулын газар луугаа өөрийг нь дарамталж, хууль бусаар хорьж байгаа талаар бичээд, Монголоос зугтах талаар харилцсаныг нь олж хараад гар утсан дээрээ зураг болгон авсан” гэсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх П.В.Пыхтин, Л.Түмэнжаргал нарт холбогдох хэргийг хэлэлцээд бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, залилах гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ.
Улмаар Л.Түмэнжаргалд дөрвөн жил зургаан сар, П.В.Пыхтинд таван жил хорих ял шийтгэсэн байна. Мөн учруулсан хохирлыг хоёр шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулахаар болж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр тэдэнд холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг хэвээр үлдээж, учруулсан 460 төгрөгийн хохирлыг П.В.Пыхтинээс бүгдийг нь гаргуулахаар өөрчлөлт оруулсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.