Ховд аймагт бусдын гарт амиа алдсан охины ар гэрт олон улсын сэтгэл зүйчдийн баг үйлчилгээ үзүүлнэ
Ховд аймагт бусдын гарт амиа алдсан охины аав С.Аманжол болон өмгөөлөгчдийн багтай холбогдох байгууллагын төлөөлөл өнөөдөр уулзаж, ар гэрт нь үзүүлэх шаардлагатай дэмжлэг, үйлчилгээний талаар ярилцан шийдвэрлэжээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас охиныг эрэн хайх ажиллагаанаас эхлэн өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг арга зүйн удирдлагаар хангаж, ар гэрт нь шаардлагатай үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж буй энэ хугацаанд охины ар гэр Улаанбаатар хотод амьдрахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан талийгаач охины ах, дүү нарынх нь хичээл сургалтыг тасалдуулахгүй байх үүднээс харьяаллын дагуу Улаанбаатар хотын сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэсэн байна.
Мөн охины аав, ээж, ах, эгч, дүү нарын сэтгэл зүйн байдал хүнд байгаа тул уй гашуугийн үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн олон улсын сэтгэл зүйчдийн багийг Ховд аймагт ажиллуулахаар төлөвлөсөн байна. Холбогдох мэргэжилтнүүд мөн очиж, шаардлагатай дэмжлэг үйлчилгээг үзүүлэх аж.
Түүнчлэн хэрэгт холбогдогч этгээдүүдийн хүүхдүүдэд ч сэтгэл зүйн дэмжлэг, хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэднийг эцэг, эхийнх нь үйлдэлтэй холбогдуулан буруутгах ёсгүй гэдгийг холбогдох байгууллагаас онцолжээ. Тухайн гэр бүлийн ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн жилд шаардлагатай хувцас, хэрэгслийг бэлтгэн өгөхөөс гадна, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй Р.Булгамаа өмгөөлөгчийн баг Ховд аймагт ажиллахад шаардлагатай унааны зардалд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагаас цаашид охины ар гэрт шаардлагатай хамгаалал, дэмжлэг, үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.