Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэг нарын хэргийг шүүх шийдэж чадахгүй нь
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгийг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн дахин хэлэлцлээ. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дахиад нэмэлт ажиллагаа хийлгэхээр дахиад прокурорт буцаасан юм. Түүнийг нь НПГ-ын хяналтын прокурорууд үндэслэлгүй гэж дээд шатных нь шүүхэд эсэргүүцэл бичсэн аж.
Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээрээ 2024 оны аравдугаар сард АТГ-ынханд саатуулагдсан билээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан байдаг. Н.Одончимэгийг бас эрх мэдлээ урвуулж “Интерконсалтинг констракшн” гэх компанид давуу байдал олгон хахууль авсан хэрэгт буруутгасан. Уг хэрэгт дээрх хүмүүсээс гадна Ч.Ариунтунгалаг, Ч.Ганчөдөр гэх хоёр хүнийг Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан юм. Уг нь эл хэргийг 2025 оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар сард хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болоод байв.
Гэтэл “Ванхүү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Боролзойхүү нь нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн өөр нэг хэрэгт холбогджээ. Үүнд үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх “Ванхүү” ХХК, Б.Боролзойхүү нарын хэргүүдийг нэгтгэх шаардлагатай гэж үзсэн аж. Үүнийг нь өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж дүгнэн захирамжийн зарим хэсгийг хэвээр үлдээв. Ингэснээр “Ванхүү” ХХК, Б.Боролзойхүүгийн хахуулийн хэргүүдийг нэгтгэх нь.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.