🔴АН: Ерөнхий сайд есөн шид нь бүрдсэн төсвөөр ирэх оны сонгуульд бэлдэж байна
Ардчилсан намаас уламжлал болгон зохион байгуулдаг “4:11” мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Мэдээллийн цагаар ирэх оны улсын төсвийн төсөл, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон намын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:
-Засгийн газраас өргөн барьсан төсөв нь “Ерөнхий сайдын 9 шид нь бүрдсэн төсөв” болсон. Үүгээрээ 2027 оны сонгуульд бэлдэж байна.
Засгийн газар төсвийн зарлагыг 10 их наядаар тэлж оруулж ирсэн. 2026 оны наймдугаар сарын байдлаар төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарчихсан, 33 их наядын орлого хаанаас орж ирэх нь тодорхойгүй байхад ирэх жил 43 их наядын зарлагатай, 32 хувийн өсөлттэй төсөв оруулж ирсэн нь цэвэр сонгуульд зориулсан үйлдэл.
Манай намын зүгээс үнийн өсөлтөд нэрвэгдсэн иргэдийн аж амьдралыг дэмжих бодлого шаардсан. 10 жилийн өмнө нэг кг мах 7300 төгрөг байсан бол өнөөдөр 33 мянган төгрөг болсон байна. Өнөөдөр иргэд зах дээрээс махаа бүтнээр нь авч чадахгүй, 200-300 граммаар авч байгаа хүнд нөхцөл байдалтай байна.
Оюутолгойн гурван их наяд төгрөг бол ард түмний хуримтлалын санд очиж, иргэдийн нэрийн дансанд орох ёстой мөнгө. Гэтэл Засгийн газар “Нийгмийн болон дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх тухай” тусдаа хууль оруулж ирэн, хуримтлалын сангийн гурван их наяд төгрөгийг татаж улсын төсөвт оруулан станц болон дэд бүтэц барихаар төлөвлөж байна. Энэ бол Баялгийн сангийн хуулийг “баллах” гэсэн үйлдэл. Энэ нь ард түмнээс баялгийг нь хулгайлах гэсэн оролдлого.
Засгийн газар энэ мөнгөөр зургаадугаар цахилгаан станц барина гэж ярьж байна. Гэтэл тавдугаар цахилгаан станцыг барих шийдвэр анх 1988, 1992 онд гарч, 30 жил яригдсан. Өнгөрсөн тавдугаар сард хотын дарга асан Х.Нямбаатар шавыг нь тавьсан ч өнөөдөр хэдэн шонгоос өөр зүйл алга. Зургаадугаар станц ярихаасаа өмнө эхлээд тавдугаар станцаа барихыг шаардаж байна гэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Сүүлийн 10 жил Монгол оронд мөнгөгүй биш, мөнгөтэйн зовлон эдэлж байна. Засгийн газар төслийнхөө эрэмбэ дарааллыг бүгдийг нь буруу өрж, тооцооллоо буруу хийсэн.
2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл ярьсан. 2020 оны сонгуулиар МАН 21 аймагт 100 үйлдвэр барина гэж амласан ч биелсэн зүйл байхгүй. Засгийн газар ажлаа дандаа Пи Араар хийж, тооцооллоо буруу хийдэг болсны үр дүнд иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна.
2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх төсвийг үзвэл 208 их наяд 839 тэрбум төгрөг байна. Улс төрчид сая, тэрбумаар биш дандаа их наядаар ярьдаг болсон. Үүнийг дагаад хулгай нь ч их наядаар хэмжигдэж байна. 2015 оноос хойш 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өсөж данхайсан боловч иргэдийн амьдралын чанар 10 дахин сайжраагүй.
Өнөөдрийн парламент 24 сарын хугацаанд долоодахь төсвөө (тодотголуудыг оролцуулаад) хэлэлцэж байгаа нь Засгийн газар төсвөө дандаа буруу тооцоолж байгаагийн илрэл юм. Инфляцыг жил бүр зургаан хувьд барина гэдэг ч энэ нь хэзээ ч биелдэггүй худлаа тоо байдаг.
Хэрэв төрийн өмчит компаниудын ашгийг татаж орлогоо 10 их наядаар тэлж байгаа бол зардлаа хэмнэж, алдагдалгүй төсөв батлах ёстой. Одоо оруулж ирж буй төсвийн 70 хувь нь урсгал зардал байна. Зэсийн үнэ унавал ирээдүйд яах вэ? Иймд зардлыг бууруулж, хэмнэлт хийхийг шаардаж байна гэв.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Эрдэнэбулган:
-"Өөрчилье, бүтээе" хөдөлгөөний хүрээнд малчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн өр зээл, залуучуудын гадагшаа явах урсгал (гадаад руу явах хүсэлтэй залуусын тоо 64 хувиар өссөн), тэтгэврийн иргэд шууд ядууралд өртөж байгаа зэрэг асуудлуудыг хөндөж байна.
Өнөөдрийн байдлаар An.mn платформоор дамжуулан 1,218 иргэн санал асуулгад оролцож, 1,064 тодорхой санал ирүүлсэн байна. Иргэдийн дийлэнх хувь нь үнийн өсөлтийг хамгийн том тулгамдсан асуудал гэж нэрлэсэн.
Санал асуулгын нэгдсэн дүн шинжилгээ, шийдлүүдийг 2026 оны 12 дугаар сарын 6-ны өдөр олон нийтэд танилцуулж, АН-ын мөрийн хөтөлбөр, бодлогын суурь баримт бичиг болгон ажил хэрэг болгох болно.
АН-ын зүгээс Засгийн газарт тавьсан “данхайсан төсөвтэй 20 сайдын суудлыг цөөлөх” шаардлага хэвээр байгаа. Мөн бүс болгонд Кембрижийн сургууль барина гэж амлаж байгаа ч бодит байдал дээр нэгдүгээр ангийн сурах бичиг, багшийн ном хэвлэх тендерийг 2026 оны наймдугаар сарын 26-нд дөнгөж зарласан. Өнөөдөр хүүхдүүд номгүй, багш нар гарын авлагагүй хичээллэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.