Тайгер Вүүдс жолоодох эрхээ таван жилээр хасуулав
Гольфын спортын домогт тамирчин, өдгөө 50 настай Тайгер Вүүдс 2026 оны гуравдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдсаныхаа дараа шүүхтэй тохиролцоонд хүрч, жолоодох эрхээ таван жилээр хасуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрлөө. Флорида мужийн Мартин тойргийн шүүхээс түүнд оноосон энэхүү шийдвэрийг зөрчиж, дахин жолооны ард суувал шууд шоронд хорихыг шүүгч хатуу анхааруулсан байна.
Шүүх хурлын үеэр Тайгер Вүүдс болгоомжгүй, хариуцлагагүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хөнгөрүүлсэн зүйл ангиудад "эсэргүүцэхгүй" гэсэн тайлбар өгсөн бөгөөд энэ нь ял онооход гэм буруугаа хүлээсэнтэй адил үр дагавартай юм.
Үүний үр дүнд түүнд тулгаад байсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон химийн шинжилгээ өгөхөөс татгалзсан гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүгч Даррен Стил түүнд хандан "Олон нийтийн аюулгүй байдлын үүднээс хэрэв та дахин машин жолоодвол шууд шоронд орох болно, ямар ч үл хамаарах зүйл байхгүй" гэж хатуу сануулсан байна. Түүнчлэн түүнийг нийт 1500 ам.доллароор торгосон бөгөөд шүүхийн зардал нэмэгдсэнээр энэ дүн 2000 орчим ам.доллар болж байгаа аж.
Улсын яллагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийг хөнгөрүүлсэн шалтгаанаа нотлох баримт хангалтгүй болсонтой холбон тайлбарлав. Осол гарсан газарт Вүүдсээс авсан согтуурал хэмжигч багажны заалт 0.0 хувь заасан боловч тэрээр шээсний шинжилгээ өгөхөөс татгалзжээ. Хоёр хараат бус хор судлаач нотлох баримтуудыг судалсны эцэст түүнийг мансуурсан байсныг бүрэн нотлох боломжгүй гэж үзсэн байна.
Учир нь Вүүдс өмнө нь өвдөг, нурууны олон удаагийн хагалгаанд орж байснаас шалтгаалан өвчин намдаах эмэнд (халааснаас нь олдсон гидрокодон) маш өндөр тэсвэртэй болсон байжээ. Флорида мужийн хуулиар согтууруулах ундаанаас ялгаатай нь мансууруулах бодисын нөлөөнд орсон эсэхийг шүүх хурал дээр эргэлзээгүйгээр нотлох шаардлагатай байдаг тул ийнхүү хэргийг хөнгөрүүлсэн байна.
Энэхүү хэрэг нь 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Флорида мужийн Саут Бич зам дээр гарсан автомашины осолтой холбоотой юм.
Тайгер Вүүдс өөрийн "Land Rover" жийп машинаар өндөр хурдтай явж байсан цэвэрлэгээний ачааны машиныг гүйцэт түрүүлэхээр үргэлжилсэн цагаан шугам давах үедээ шүргэж, улмаар машин нь хажуугаараа унаж өнхөрчээ. Азаар ослын улмаас хэн ч хүнд бэртээгүй бөгөөд Вүүдс зорчигчийн талын хаалгаар гарч ирэхдээ цагдаа нарт "утас руугаа харж, радио сувгаа сольж байгаад осол гаргасан"-аа хэлсэн байна. Гэвч цагдаа нар түүний нүд улайж, хөдөлгөөн нь удааширсан байсныг тэмдэглэсэн бөгөөд халааснаас нь хоёр ширхэг гидрокодон өвчин намдаах эм олж, Вүүдс өөрөө ч тухайн өдөр эм ууснаа хүлээн зөвшөөрчээ.
Телевизээр шууд дамжуулсан таван минутын богино хэмжээний шүүх хурлын үеэр Тайгер Вүүдс шүүгчийн асуултад голчлон "тийм" гэж хариулж, маш цөөн үг хэлжээ. Түүнийг шүүх хуралд найз бүсгүй Ванесса Трамп (Дональд Трамп Жүүниорын экс эхнэр) дагалдан ирсэн байна. Тэд 2025 оны гуравдугаар сард харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан бөгөөд шүүх хурал эхлэхийн өмнө хамтдаа сууж ярилцаж байсан төдийгүй Ванесса шүүх танхимын үзэгчдийн суудалд түүний яг ард сууж дэмжлэг үзүүлжээ.
Эх сурвалж:
• tmz.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.