Байгалийн гамшгийн улмаас гэр бүлийнхээ 17 гишүүнийг алдсан охин ярилцлага өгчээ
Балба болон Хятадын Төвөдийн хил орчмын бүс нутагт наймдугаар сарын 26-ны өдөр мөсөн гол нурж, хүчтэй аадар бороо орсны улмаас үүссэн аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1127-д хүрч, 4800 орчим хүн сураггүй болоод байна.
Албан ёсны мэдээллээр байгалийн гамшигт нэрвэгдсэн Расува дүүрэгт олон зуун гадаадын иргэд, түүний дотор Австрали, Америкийн жуулчид сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг шуурхайлан явуулж байна.
Гамшигт нэрвэгдсэн иргэдийн дунд гэр бүлийнхээ 17 гишүүнийг алдсан Копила Таманг хэмээх залуу охины эмгэнэлт түүх олон улсын анхаарлыг татаж байна.
Расува дүүрэгт байсан түүний гэр үерийн усанд бүрэн автаж, ээж, эмээ, ах дүүс, авга, нагац гээд ойр дотны бүх хүмүүс нь амь үрэгджээ. Копила охин өөрийн гар утсан дээрх гэр бүлийнхээ зургийг үзүүлэн нулимс дуслуулан ярихдаа, "одоо түүнд амьдрах итгэл өгч буй цорын ганц хүн нь түүний асран хамгаалж үлдсэн бага дүү нь" гэдгийг хэлсэн юм.
Үерийн гамшгийн үеэр гайхамшгаар амьд үлдсэн бусад түүхүүд ч ар араасаа хөвөрсөөр байна.
Сургуулийн автобустайгаа үерийн усанд урсах шахаж аврагдсан 13 настай хүүхэд, хоёр өдрийн турш сураггүй байсны эцэст эцэг эхтэйгээ эсэн мэнд уулзсан таван настай Маниша охин нарын түүх үүний илрэл юм. Мөн Америкийн жуулчид аяллын хөтчийнхөө ачаар уулын өндөрлөг хэсэг рүү амжиж гарч, цунами мэт хүчтэй ирэх үерийн уснаас амьд гарч чаджээ.
Одоогийн байдлаар Балбын зэвсэгт хүчний дайчид Энэтхэг, Хятадын нарийн мэргэжлийн аврагчидтай хамтран гамшгийн бүсэд ажиллаж байна. Алслагдсан, зам харилцаа тасарсан тосгодод тусламж хүргэхээр нисдэг тэрэг ашиглаж байгаа бөгөөд усан цахилгаан станцын газар доорх хонгилд гацсан олон зуун ажилчдыг аврах ажиллагааг цаг алдалгүй явуулж байгаа аж. Сураггүй болсон хүмүүсийн дунд Австралийн 38 иргэн болон хэдэн арван америк жуулчин байгаа нь эрэн хайх ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлж байна.
Байгалийн гамшгийн уршиг үүгээр дуусаагүй бөгөөд уулархаг бүсэд нурсан цас, чулуулаг голын голдирлыг хааж, түр зуурын далан үүсгэсэн нь шинэ аюул дагуулж эхэллээ.
Сун Коши, Будхи Гандаки, Махакали голуудын усны түвшин аюултай хэмжээнд хүрсэн тул эдгээр түр далан нурахаас өмнө төв, баруун, зүүн Балбын нам дор газарт амьдардаг иргэдийг яаралтай нүүхийг эрх баригчид анхааруулж байна. Цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул аврах албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.