Үхтэл үр харам ч архинд дийлдсэн эмгэнэлт тавилан
Монголчууд бидний дунд “Үхтэл үр харам, үгүйртэл мал харам” гэсэн хэлц үг бий. Эцэг, эхийн үр хүүхдээ гэсэн хайр, халамж, тэднийхээ төлөө амиа ч зориулахад бэлэн байдаг гэсэн санааг эл хэлц илэрхийлсэн биз ээ. Гэвч нийгмийн шилжилт, бухимдал, архидалт хавтгайрсны уршгаар үрийнхээ төлөө бүхнээ зориулдаг байдал өөрчлөгдөж, нялх үрээ үл тоох явдал ч гарч буй.
1990-ээд оны боловсролын “терроризм”-ын уршгаар сургууль завсардаж, хэдэн малаа бараадаж байгаад ажил мэргэжилтэй болж чадаагүй хүмүүс ган гачиг, зуд турхны нөлөөгөөр саалийн үнээ, хоттой хоньгүй болсноор нийслэл рүү нүүдэллэн ирдэг нь хэвшил гэмээр. Тэд Улаанбаатарт ирээд захын хороолллын хаа нэгтэй хашаа хатган амьдарч, хүүхдэд зориулсан мөнгөөр архи авч “гудрах” тохиолдол цөөнгүй. Хүүхдийн мөнгө буусан өдөр “KFC”, “Пицца хат” зэргээс бэлэн бүтээгдэхүүн, ундаа авч, балчир үрсийнхээ ходоодыг дүүргээд, үлдсэн мөнгөөр нь архидан, өдөр, хоногийн олонход нь өлөн зэлмүүн байлгадаг эцэг, эхчүүд бий гэдэг.
Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан болон хэсгийн байцаагч нар ийм айлуудаар орж, балчир үрсийг нь хараа хяналтдаа авсан тохиолдол хэд хэд бий. Өөрөөр хэлбэл, архидалт хавтгайрсны улмаас эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрхийг зөрчдөг, эцэстээ амиа алдахад хүргэх явдал ч гарч байна. Дор өгүүлэх нэгэн хэргийн хавтсыг хүмүүст ухаарал хайрлаасай хэмээн сөхье. Ингэхдээ эцэг, эхийн нэрийг өөрчлөн хүргэж буйг уншигчид болгоох биз ээ.
"Ээж гал түлээгүй, дүү бид хоёрт хоол хийж өгөөгүй"
2024 оны нэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө. Улаанбаатар хотод шөнөдөө бага зэргийн цас орж, 21-28 градус хүйтэн хоножээ. Жавар хургасан таван ханатай гэрт зургаан настай хүү даарснаасаа болоод ч тэр үү, хөнжилдөө шурган унтаж, хэн нэгэн гаднаас хаалгыг нь цохиход ч сэрэлгүй нар дээр хөөргөсөн байна. Хашааны болон үүдний амбаарын хаалгыг нь гэрийн эзний ах айл хөршийнхөнтэй нь нийлж онгойлгон орсон ч эзэгтэй дотор хаалгаа тайлсангүй.
Эвдэхээс наагуур юм болж байтал үс гэзэг нь сэгсийсэн, уусан архиных нь үнэр нэгширсэн хүн босож ирээд түгжээгээ мулталсан байна. Гэрийн дотор ундуй, сундуй, хүйт даан, хүмүүсийн амнаас уур савсаж байв. Уг нь гал түлэхээр оролдсон ч модоо асааж чадаагүй орхиж. Шалан дээр нь хоосон лааз болон “үнээ” гэж нэрийддэг шар айрагны нэг бус сав, “Шүншиг” хэмээх архины хоёр ч шил хөглөрчээ. Ах нь унтаж буй хоёр хүүхдийн орон дээр очин хучлагагүй хэвтэж байсан охиных нь судсыг дарж үзээд эмч, цагдаа дуудсанаар хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн аж. Айлын эзэн Н.Бат, эзэгтэй С.Болормаа нар хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй ч тоонот гэрт толгой нийлүүлж, тостой тогоонд хошуу холбоод таван жилийн хугацааг элээж. Тэднийг нийлэхэд эмэгтэй нь дагавар хөвгүүдтэй байжээ. Улмаар дундаасаа 2023 оны намар хөөрхөн охинтой болсон аж. Тогооч мэргэжилтэй С.Болормаа хүүхдээ төрүүлснээс хойш тогтсон ажил хийгээгүй, Н.Бат Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд ажиллан цалингаараа ахуй амьдралаа авч явдаг байжээ. 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд тэрбээр ажилдаа явахдаа гэртээ 20 шуудай сайжруулсан түлш, мод авч өгөөд өмнийн говийг зорьсон гэнэ.
Шинэ жилийн баяр өнгөрөөд найм дахь хоногийн үүрээр утас нь дуугарч С.Болормаа залган “Охин маань эвгүй болчихлоо” гээд тасалжээ. Тэр даруйд Н.Бат төрсөн ах руугаа утасдан гэртээ очоод юу болсныг мэдэж өгөөч гэсэн байна. Дүүгийнхээ хэлсний дагуу ах нь очиход дээрх байдалтай угтжээ. С.Болормаа ахад нь “Би өчигдөр 23.00 цагаас эхлэн 103 руу залгасан боловч өглөө 04.00 цагийн үед эмч ирж үзээд “Хүүхэд чинь нас барсан байна” гэж хэлээд явсан” хэмээсэн аж. Ах нь Яаралтай тусламжийн 103 дугаарт залгаад “Танайх руу өчигдөр 23.00 цагаас хойш залгасан байхад яахаараа өглөө 04.00 цагт ирдэг юм бэ” гэж ярьтал “Та дуудлага өгсөн утас болон хаягаа өгнө үү” гэж. С.Болормаагийн утас болон хаягийг өгөхөд 103-ынхан шалгаж үзээд “Манайд энэ дугаар болон хаягаас ямар ч дуудлага өгөөгүй, ирээгүй байна” гэж хариулжээ. Удалгүй цагдаа, түргэний эмч ирж, үзлэг шалгалтаа хийгээд “Ой дөрвөн сартай охин 3-4 цагийн өмнө нас барсан, цогцос нь хөшчихсөн байна” гээд явсан аж.
Цагдаа нарыг хэргийн газрын үзлэг хийж байхад сэрсэн зургаан настай хүү нь учрыг үл ойлгон гайхширч байж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад асран хамгаалагч, насанд хүрсэн хүнийг байлцуулан түүнээс мэдүүлэг авахад “Би өчигдөр ээж, дүү хоёртойгоо байсан. Аав шинэ жил болоогүй байхад хөдөө ажил руугаа явсан юм. Ээж сүүлийн хоёр хоног архи уусан” хэмээн хоёр хуруугаа гозойлгон ярьжээ. Цааш нь тэрбээр “Ээж сүүлийн хоёр хоног гал түлээгүй. Дүү бид хоёрт хоол хийж өгөөгүй. Хөргөгчинд байсан чокопай, ундаа, шоколад, жигнэмгийг бид хоёр идсэн. Гэр хүйтэн болохоор шөнө даараад нэг удаа сэрээд буцаад унтсан. Аав архи уудаггүй, ээж өдөр болгон архи уудаг. Би даарах, ядрахыг мэднэ. Би даарахаараа хөнжил нөмөрдөг, ядрахаараа унтдаг юм. Миний дүү өчигдөр орой болтол унтсан. Дүү бид хоёр их даарч, өлссөн, би цуйван идмээр байсан. Би ээжид “Хоол хийж өгөөч, ээж ээ өлсөөд байна” гэсэн ч хийж өгөөгүй. Өчигдөр дүү минь орон дээр хэвтээд унтаад л байсан. Нартай байхад хүртэл унтсаар байсан. Би харин ганцаараа бөмбөгөөр тоглосон. Би маргалдах гэж мэднэ. Хэрүүл хийдэг, зодолддог. Аав, ээж хоёр маань маргалдаж, хэрүүл хийдэг. Ээжийг архи уухаар аав уурладаг. Би ээжийг архи уугаад байхаар “Болиоч” гэдэг юм. Тэгэхээр “Архи уухаар бие нь зүгээр болдог” гэж хэлдэг. Ээж архи уугаад байгаа болохоор аав түлхэж унагаадаг. Ээжийг согтуу үед хамт байх дургүй, архи уухгүй бол гоё. Аав архи уудаггүй болохоор хамт байх дуртай. Өчигдөр ээж дүүгийн нуруу руу нь алгадсан” хэмээн мэдүүлсэн байна. Ингээд С.Болормаад Эрүүгийн хуулийн 16.11-3 дахь хэсгийн “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэх заалтын дагуу хэрэг нээн шалгажээ.
Хүүхдээ вакцинд ч хамруулж байгаагүй нь эрх зөрчсөн хэлбэр
Цагдаагийнхан хүүхэд нас барсантай холбоотойгоор ээжийнх нь ярьсан “23.00 цагаас эхлэн 103 руу залгаж, 04.00 цагт түргэний эмч ирсэн” гэх мэдүүлгийг ч давхар шалгасан аж. Гар утсанд нь үзлэг хийхэд энэ нь худлаа болох нь батлагджээ. Мөн харьяа хорооных нь өрхийн эмчээс мэдүүлэг авахад “Би 2023 оны арваннэгдүгээр сард энэ хорооны өрхийн эмнэлэгт эмчээр томилогдсон. 2024 оны нэгдүгээр сарын 8-нд тухайн хаягаар анх удаа очсон. Тэр үед хүүхэд нас барсан байсан. Түүнээс өмнө нь гэрт нь очиж байгаагүй. Намайг дээрх хаягаар очиход С.Болормаа, зургаан настай хүүгийн хамт байв. Түүнийг дуудаж сэрээхэд архи нь гүйцэд гараагүй согтуу байсан. Төрөх эмнэлгээс өгсөн тарилгын хуудсыг өрхийн эрүүл мэндийн төвд авчирч өгөх ёстой. Тэгж байж өрхийн эмнэлгээс үзлэг хийж, тухайн тарилгын хуудсанд тэмдэглэгээ үйлддэг. С.Болормаа нь гэртээ гарчхаад тухайн хуудсыг авчирч өгөөгүй учраас манай эмнэлгийнхэн тэднийд очиж байгаагүй” гэжээ.
Шүүх эмнэлгийн шинжээч ой дөрвөн сартай охины цогцост шинжилгээ хийгээд “Мах мариа, өөхөн эдийн хөгжил сул, эмэгтэй хүүхдийн цогцос ил харагдах гэмтэл, шархгүй. Нас бараад 24 цагаас дээш болжээ. Талийгаач нь осгож нас барсан. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амийг нь аврах боломжгүй байжээ” хэмээн дүгнэсэн байв. Түүнчлэн талийгаач охин хоол тэжээлийн дутагдалд орж, хэвийн жиндээ хүрдэггүй байсан талаар ч хавтаст хэрэгт садан төрлийн хүн, хөршүүд нь мэдүүлсэн аж. Уг нь хууль журам, Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасны дагуу бол вакцинд хамруулах нь хүртэл эцэг, эхийн үүрэг. Гэвч архинд толгойгой мэдүүлснээс ээж хүний үүргээ умартсан бололтой.
Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 6.1-д “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө”, 6.2-т “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, 27.4-т “Оролцогч улсууд хүүхдийн эцэг, эх болон түүний талаар хариуцлага хүлээх бусад хүн өөрийн улсад болон хилийн чанадаас хүүхдээ тэжээн тэтгэх явдлыг сэргээхэд чиглэсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн хэмээсэн. Гэр бүлийн тухай хуулийн 26.2-т “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээх”-ээр тусгасан. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд ч “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эх нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” үүрэгтэй байхаар заасан. Хууль, эрх зүйн эдгээр заалтыг ээж С.Болормаа нь зөрчсөнөөс ой дөрвөн сартай хүүхэд осгож амиа алдсан гэж уг хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байх юм.
Зургаан настай хүү харах хүнгүй ганцаар үлдэв
Энэ хэргийн 2025 оны эхээр харьяалах дүүргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийн талаар тодорхойлохдоо “Шүүгдэгч С.Болормаа нь тасралтгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэрээ галлаагүй удсанаас монгол гэр хүйтэн, зуухны таг онгорхой, доторх шинэ мод нь асаагүй, үнсний сав нь дүүрэн үнстэй, зуухны зүүн талд аягатай бууз, усны сав доторх ус хөлдсөн, мөстэй байснаас гадна архи, шар айргийн шил хөглөрснийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар баталгаажуулжээ. Энэ байдлаас үзвэл, шүүгдэгч С.Болормаа нь өөрийн хамтран амьдрагчийн бэлдэж үлдээсэн түлээ нүүрс, хүнсний зүйл зэргийг ашиглан үр хүүхдүүдээ дааруулахаас сэргийлж, гэр орноо дулаан байлгах, халуун хоол унд хийж өгөх, дулаан хувцаслах зэргээр анхаарал халамж тавьж, тэднийгээ өсгөн хүмүүжүүлэх, аятай таатай нөхцөлд амьдруулах үүрэгтэй атал тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдүүддээ огт анхаарал тавиагүй.
Тодруулбал, хүүхдүүддээ хоол хийж өгөөгүй, хоёр хоног гал түлээгүй нь гэрт буй шингэн зүйлс хөлдөж зайрмагтсан байдлаар илрэн гарах ба ийм хүйтэн, зэврүүн орчинд өөрийгөө дулаалж хувцаслах, хооллох дадалд суралцаж амжаагүй бага насны буюу нэг нас дөрвөн сартай хүүхдийн хувьд осгож нас барахад шууд нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Болормаа нь асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр” гэж үзжээ. Улмаар Эрүүгийн хуулийн 16.11-3 дахь хэсгийн “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэм буруутай гэж шүүх дүгнэсэн юм.
Улсын яллагч С.Болормаад дээрх зүйл заалтад заасны дагуу дөрвөн жил хорих ял оноох саналтай буйгаа илэрхийлсэн бол түүний өмгөөлөгч Б.Балжидмаа “Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хоёр жил хорих ял оноож өгнө үү” гэсэн байна. Эрүүгийн хуулийн 16.11-3 дахь хэсэгт гэм буруутай хүнд 2-8 жил хорих ял шийтгэхээр хуульчилсан. Харин шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа С.Болормаагийн биеийн эрүүл мэндийн байдал, хөл хүндтэй зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноожээ. Мөн түүний зургаан настай хүүд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг харьяалах дүүргийн Засаг даргад даалгасан байв. Давж заалдах шатны шүүх уг хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны гуравдугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээжээ.
Ийнхүү сархад хэмээх савнаасаа бусдыг дийлэгч ундааны балгаар орчлонд мэндлээд удаагүй охин цаг бусаар хорвоог орхиж, хөл хүндтэй ээж нь шоронгийн хүйтэн өрөөнд эрхээ хасуулан, дүүг нь тэнд төрүүлэхээр болж. Ухаан суусан ууган хүү нь хөдөө байдаг бол зургаа настай балчир хүүхэд хэн нэгний халамжид очихоор болсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.