🔴Б.Дашпүрэв: Доголдол удаан үргэлжилсэнтэй холбоотой иргэдэд нөөцлөх сэтгэл зүй үүссэн

AI хөрвүүлсэн
🔴Б.Дашпүрэв: Доголдол удаан үргэлжилсэнтэй холбоотой иргэдэд нөөцлөх сэтгэл зүй үүссэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас шатахууны хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө. 

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв: 

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 92 вагон цистерн буюу 5398 тонн АИ-92 төрлийн авто бензинийг буулгаж авч түгээсэн. Үүний үр дүнд Улаабаатар хотын 88 ШТС руу 664 тонн, орон нутгийн 77 ШТС руу 807 тонн бүтээгдэхүүнийг нийлүүлээд байна. Одоогийн байдлаар 42 вагон цистерн буюу 2520 тонн бүтээгдэхүүн өртөөнүүд дээр ирсэн, буулгахад бэлэн болоод байна. 

Мөн БНХАУ болон ОХУ, бусад эх үүсвэрээс бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлэгдэж байгаа бөгөөд есдүгээр сарын бүтээгдэхүүний захиалга, үнэ баталгаажсан тул нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. 

Монгол Улсын хэмжээнд АИ-92 бензиний нөөц багасаж, доголдол удаан үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдэд нөөцлөх сэтгэл зүй үүссэн. Орон нутгийн хувьд нийслэлд илүү анхаарсантай холбоотойгоор олон хоног бүтээгдэхүүнгүй байсан тул дараалал их байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд дараалал багассан. Евро-5 стандартын шатахуун зарж буй ШТС-ууд дээр дараалал байхгүй, харин энгийн буюу Евро-2 төрлийн бүтээгдэхүүн борлуулж буй цэгүүдэд тодорхой хэмжээний дараалал үүсэж байна. 

Орон нутаг руу Евро-2 болон Евро-5 төрлийн бүтээгүүнийг хоёуланг нь нийлүүлж байгаа. Алслагдсан сумдад тээврийн зардал нэмэгддэгтэй холбоотойгоор нийлүүлэлтийн 80 хувийг АИ-92 (Евро-2), 20 хувийг Евро-5 төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Олон улсад Евро-2 стандартын бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж, Евро-5, Евро-6 руу шилжсэн. ОХУ дайны нөхцөл байдалтай холбогдуулан зарим төрлийн бүтээгдэхүүнээ Евро-3, 4, 5 ангиллаар үйлдвэрлэх бодлого барьж байгаа. Учир нь тэд өөрсдөө хомстолд орж, БНХАУ, Беларусь зэрэг улсаас бүтээгдэхүүн авч хангамжаа нэмэгдүүлж байгаа учраас зарим төрөл дээр Евро стандартыг бууруулж үйлдвэрлэх асуудал бий. Харин бусад хөршөөс орж ирж байгаа бүтээгдэхүүн дандаа Евро-5 стандарттай байдаг. 

Хэрэв манай улс зах зээлийн горимд шилжиж, олон улсын жишгээр Евро-5 бүтээгдэхүүний үнэ буурахад буурдаг, өсөхөд өсдөг хэрэглээ рүү шилжвэл импортын эх үүсвэр нэмэгдэнэ. Олон жилийн турш манай импорт ганц улсаас хамааралтай байж ирсэн нь Евро-2 бүтээгдэхүүний хямд үнэтэй холбоотой. Нийслэл хотын хувьд хүн ам шигүү суурьшсан тул Евро-5 бүтээгдэхүүнийг хэрэглэж, агаар орчны бохирдлыг бууруулах бодлого барьж байна. 

Бид ОХУ-ын 'Роснефть' компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэр болон БНХАУ-аас бүтээгдэхүүн авч байгаа. Энэ үйлдвэрийнх чанартай, тэр нь чанаргүй гэх нөхцөл байдал байхгүй.

Октаны тоо гэдэг бол тэсрэх чадварыг харуулдаг маш чухал үзүүлэлт. АИ-92 гэдэг нь октаны тоог зааж байгаа. Олон улсад энэ төрлийн бүтээгдэхүүн зарагдсаар байгаа. Харин Евро-2 болон Евро-5 нь экологийн ангиллаараа асар их зөрүүтэй. Евро-5-д хүхрийн агууламж 10 ppm-ээс доош байх ёстой бол Евро-2-т 500 ppm-ээс доош байдаг" гээд шатахууны чанарыг хил гааль, АМГТГ-ын суурин лабораториудад тогтмол хянаж байгаа. 

Октаны тоог тодорхойлох шинжилгээний хоёр арга байаг. 

  • Моторын арга: Мотор дээр туршилт хийж, бодит тэсрэлтийг тооцдог хамгийн бодит, сайн арга. Монгол Улсад энэ аргаар тодорхойлох хоёрхон газар бий.
  • Шинжилгээний (судалгааны) арга: Лабораторийн аргаар тодорхойлдог бөгөөд олон газар ашигладаг.

Зөөврийн багажийг Стандарт, хэмжил зүйн газраас (СХЗГ) баталгаажуулдаггүй. Учир нь тухайн багаж нь хэмжиж буй арга, бүтээгдэхүүний хэмжээ, орц найрлагаас шалтгаалж алдаж хэмжих магадлал өндөр байдаг. Энэ нь олон улсын стандарт. Тиймээс 'Шунхлай'-н шатахуун муу, 'Петровис'-ынх сайн гэж тодорхойлох боломжгүй. Бүгд нэг эх үүсвэрээс авч байгаа бүтээгдэхүүн. Нэг үйлдвэрийн 30 вагон цистерн бүтээгдэхүүнийг 10 компани хувааж аваад түгээж байхад октаны тоо өөр байх ямар ч боломжгүй. 

ШТС-уудын хувьд сүүлийн үед техник технологио шинэчилж, шинэ сав, амьсгалах хавхлага, хэмжих хэрэгсэлтэй болсон тул компаниудын хооронд чанарын ялгаа байхгүй. Өмнө нь хуучин технологитой, олон жил цэвэрлээгүй савнаас шалтгаалж ус, зэв зэрэг механик хольц гарах тохиолдол байсан бол одоо аж ахуйн нэгжүүд хариуцлагатай болж, технологио шинэчилсэн. 

Авто бензинд ямар нэгэн зүйл хольдог гэх мэдээлэл үндэслэлгүй. Харин дизель түлшний хувьд уул уурхайн тусгай техник хэрэгсэлд зориулж зарим бүтээгдэхүүнийг холих тохиолдол байдаг.  Хэрэв чанарын тал дээр үл итгэлцэл үүсвэл хөндлөнгийн, хараат бус эксперт байгууллага болох "Эм Бер" (SGS) зэрэг лабораториор шинжилгээ хийлгэх чиглэл өгсөн. 

ОХУ дайны нөхцөл байдалтай, БНХАУ дотоодын хэрэгцээгээ хангахад төвөгтэй байгаа энэ үед хоёр хөрш улс маань манай нөхцөл байдлыг ойлгон бүтээгдэхүүн нийлүүлж байна. Ийм үед стандартын шаардлага хангасан, томоохон үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр 'муу байна' гэх нь зохимжгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.