🔴МҮЭХ: Салбар яамдууд төрийн албан хаагчдын цалинг нэмэх эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгаагүй байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ) болон түүний гишүүн байгууллагууд өнөөдөр цаг үеийн тулгамдсан асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хурлаар Монгол Улсын 2026 оны улсын төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, бодит орлогыг хамгаалах чиглэлээр Засгийн газартай байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангуулах шаардлагыг тавилаа.
Өнөөдөр улс орны эдийн засаг хүндрэлтэй, улс төрийн хувьд тогтворгүй, нийгмийн хүлээлт өндөр байгаагийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны нийлүүлэлт зэрэг олон сорилтууд иргэд тулгарч, хүндрэлтэй цаг үед ажилтан, албан хаагчид болон иргэдийн орлого буурч байгааг МҮЭХ-ны удирдлагууд онцлов.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Тамир:
-Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол болон ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ноос олон улсын хөдөлмөрийн байгууллагын 144 дүгээр конвенц, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд МҮЭХ Засгийн газартай энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр Улсын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд ойрын хоёр жилийн хугацаанд цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой бодлогын тохиролцоог хийсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газраас гаргасан "эдийн засгийн хүндрэлтэй цаг үед иргэдэд ирж буй ачааллыг төр өөрөө нуруун дээрээ авна" гэсэн бодлогын зарчмыг МҮЭХ талархан хүлээж авч байгаа. Төсвийн тодотголд төрийн албаны бусад салбаруудын цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгасан, мөн өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангаж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэсгийг тусгасныг бид дэмжиж байна.
Гэхдээ улсын хэлэлцээрээр тохиролцсон процессын алдаа гарсанд харамсаж байна. Өнгөрсөн жил боловсрол, эрүүл мэндийн салбарт үүссэн нийгмийг хамарсан өргөн хүрээний хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс салбарын яамд төсвийн төслөө Засгийн газарт өргөн мэдүүлэхээсээ өмнө салбарынхаа үйлдвэрчний эвлэлтэй, харин Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө МҮЭХ-той зөвшилцөх тохиролцоог улсын хэлэлцээрээр баталгаажуулсан. Тухайн зөвшилцлийн процесс хангалттай бүрэн хийгдсэнгүй.
Өнгөрсөн жилийн тэмцэл, ажил хаялтын үр дүнд боловсролын салбарт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 50 хувь, мөн оны 11 дүгээр сарын 1-нээс нэмж 26 хувь, нийт 76 хувиар цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, мөн оны наймдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-нийг дуустал сар бүр есөн хувиар (нийт 45 хувь) цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрүүд гарсан.
Эдгээр хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам албан ёсоор бүртгэж баталгаажуулсан боловч шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төсвийн тодотгол болон төсвийн төсөлд хангалттай тусгаагүй.
“Үйлдвэрчний эвлэлийн гол зорилго бол тэмцэл, ажил хаялт хийх биш. Бид ажилчдыг аятай тухтай нөхцөлөөр хангах, авч байгаа цалин нь амьдралын наад захын хэрэгцээг хангалттай хангадаг шударга нийгмийг бүтээхийн төлөө ажилладаг.
Салбарын сайд нар үйлдвэрчний эвлэлүүдтэйгээ яаралтай уулзаж, зөвшилцөхгүй бол нийгэмд тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй байна. Төсвийг хамтын хэлэлцээрийг зөрчиж баталбал бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардах эрхээ хуулийн хүрээнд эдлэх болно гэв.
“Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Зам, тээврийн яаманд (ЗТЯ) салбарын гурван талт хамтын хэлэлцээр байгуулах асуудлыг удаа дараа тавьсан ч хариу ирүүлээгүй, зөвхөн ажлын хэсэг байгуулах төдий байна. 2027 оны төсвийн төслийг Сангийн яаманд өргөн барьсан энэ үед хамтын хэлэлцээр хийгдээгүйгээс авто замчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэх саналууд төсөвт тусгагдахгүй орхигдох эрсдэл үүсжээ.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Нарантуяа:
-Өнгөрсөн оны 10, 11 дүгээр сард бид эрүүл мэндийн салбарын хэмжээнд үндэсний хэмжээний тэмцэл зохион байгуулж, ажил хаях дээрээ тулж байж нэмэлт хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын наймдугаар сарын 1-нээс эхлэн сар бүр есөн хувиар нэмэх ёстой байсан. Гэтэл наймдугаар сард олгох ёстой есөн хувийн нэмэгдэл орсонгүй.
Долоодугаар сарын эхээр УИХ, Засгийн газар, холбогдох яамд, байнгын хороодод сонордуулга хүргүүлсэн. 2026 оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын сүүлийн хагас жилийн 45 хувийн нэмэгдэлд зориулж 200 тэрбум төгрөг тусгаж өгөхийг, мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх зардлыг төсөвт суулгахыг шаардсан боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.
Хэрэв энэ нэмэгдлийг олгохгүй бол бид тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлэхэд бэлэн байна. Хөдөлмөрийн хуульд заасан заалтаар салбар дотроо шийддэг асуудлыг сайд сошиалаар "эмч, багш нарын цалинг тэгнэ, ингэнэ" гэж аман яриа ярьж байгаад гайхаж байна. Засгийн газар цалинг инфляцтай уялдуулж нэмнэ гэж байгаа ч энэ нь зөвхөн алдагдсан боломжийг нөхөх төдий бөгөөд цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хэлэлцээрийн заалтад хүрэхгүй байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.