У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох асуудал
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.
Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар дараах есөн асуудлыг тохиров.
- Бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барьж байгуулахад Росатом-тай хамтран ажиллана.
- “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилнэ. Ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо буй 30 саяас 50 саяд хүргэхээр ажиллана.
- Гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулна. Энхүү төмөр зам транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
- Шатахуун тогтвортой нийлүүлнэ. Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулна.
- ОХУ - Монгол - БНХАУ-ыг холбосон төмөр зам барих буюу баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална. Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам нь Монголын баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээг үүсгэх ач холбогдолтой юм.
- ДЦС-3 ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж эрчим хүчний чадлыг нэмэгдүүлнэ.
- Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулна. Хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
- Байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулна. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
- ОХУ, Монгол хоёр улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хойд хөршийн бүс нутгийн 400 гаруй зочид ирж, хоёр улсын хамтын төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулна.
Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.