МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна
Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь, харанхуй буюу хар таамгийн улс төр харьцангуй багасаж байгааг илтгэнэ. Үүнтэй зэрэгцээд судалгааг үнэнээсээ хийж, үр дүнг нь олон нийтэд бодитоор мэдээлдэг судалгааны байгууллагын эрэлт үүсэж байх шиг байна.
Яг үнэндээ өнөөдөр улс төрийн чиглэлээр нарийн нягт судалгаа хийж, түүгээрээ олон нийтийн хэрэгцээг хангадаг судалгааны байгууллага тун цөөн байгаа юм. Одоогоор судалгааны 2-3 байгууллага л энэ “зах зээл” дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь МЭК судалгааны байгууллага юм.
Тус байгууллагаас саяхан МАН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдөөд өгсөн олон нийтийн дэмжлэгийн судалгааг хийжээ. Түүнийгээ танилцуулжээ. Түүгээр, МАН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихэд илүү дэмжлэг авах магадлалтай улстөрчөөр Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан нарыг нэр дурдсан эрэмбээр “жагсаасан” байна. Өөрөөр хэлбэл, “МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийг Г.Занданшатар тэргүүлж байна” гэж МЭК танилцуулжээ.
Гэхдээ уг судалгаанд хэн түрүүлж, хэн хоцорсон нь сонин биш юм. Энэ нь “МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой энэ дөрвөн улстөрч байна” гэдэг ойлголт төрүүлэхээр байна. Гэтэл улс төрийн хүрээнд, ялангуяа МАН-д яригдаж байгаагаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх боломжтой болон боломж гарвал өрсөлдөхөөс татгалзахгүй лав есөн улстөрчийн нэр яригдаж байна. Үүнд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан дөрвөөс гадна МАН-ын генсек Я.Содбаатар, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тавыг нэрлэлээ.
МЭК-ийн судалгаанд тэргүүлсэн гэх Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөс хойш улс төрийн тавцангаас холдоогүй байгаа юм. Ямар нэг сонгууль, эсвэл албан тушаалд зориулсан “байнгын бэлтгэл”-тэй байсаар өнөөдрийг хүрсэн.
Өөрөөр хэлбэл, яах гэж байгаа нь тодорхойгүй ч улс төрийн орчинд идэвхтэй харагдаж, төрийн ёслолын арга хэмжээнд ч тогтмол оролцсоор байсны учрыг олон нийт сайн ойлгохгүй байсан. Харин МЭК-ийн энэ судалгаанд нэр орж, бүр тэргүүлсэн зэргээс түүнийг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд санаатай байгааг мэдэж авлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогтыг улс төрийн хүрээнд “Хүрэх албан тушаалдаа хүрсэн, түүндээ ханамжтай байна” гэж байсан. Гэсэн ч сүүлийн үед түүнийг намынхан нь хүртэл Ерөнхийлөгчил өрсөлдөх боломжтой улстөрчөөр нэрлээд эхэлсэн. Судалгааны байгууллагын тайлан ч үүнийг нотолж байх шиг байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр бол МЭК-ийн судалгааны дээгүүрт санаандгүй орж ирээгүй байх магадлалтай. Тэрээр 2025 оны хавар Ерөнхий сайд, МАН-ын даргад, намар нь УИХ-ын даргад, 2026 оны хавар Нийслэлийн Засаг даргад голлож яригдсан. Учир нь Ж.Энхбаяр улс төрийн туршлага сайтай, улс төрийн талуудаас дэмжлэг авах байдлаараа нэлээд өндөртэй гэгддэг. Гэвч аль ч албанд нь очоогүй үлдсэн.
Сангийн сайд асан Б.Жавхлан бол улс төрийн, ялангуяа санхүү, эдийн засгийн туршлагатай улстөрч юм. Мөн л улс төрийн дэмжлэг өндөртэй. Мэдээж, Сангийн сайдаар чамгүй удаан ажилласан учир улс төрийн “шанаа” хааяа авна. Гэхдээ улс орны эдийн засаг хэцүүдсэн ийм цаг үед үе үе үгүйлэгдээд байгаа нь анзаарагдсан. Ямар сайндаа л түүнийг “Дараагийн Ерөнхий сайд болох гэж байна” гэдэг цуу яригдах билээ. Гэвч, энэ цуу яриаг “Энэ нөхөр Ерөнхийлөгчид өрсөлдөж мэднэ. Ерөнхий сайд болгоод үлдээе агуулгатай” хэмээх тайлбарыг зарим эх сурвалж хэлсэн. Үнэний ортой байж мэдэх юм.
Ийн, ил гарч, судалгаанд сайлуулж муулуулж яваа дөрвөн улстөрчөөс гадна МАН-аас Ерөнхийлөгчид дэвшээд гарч ирэх бодит боломжтой дахин таван улстөрчийн нэг бол генсек Я.Содбаатар юм. Түүний тухайд “Тэр өөрөө л хүсвэл Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой” гэж байна. Түүнд улс төр, аж ахуйн ажлын туршлага дутна гэж үгүй. Гэхдээ тэр МАН-ын генсек, дээрээс нь “Чи дэвш” гэж шахахгүй л бол Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрийг гаргахгүй л болов уу. Тэр утгаараа, Ерөнхийлөгчид өрсөлдөх боломж хамгийн багатай улстөрч гэхэд болно.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэдэг мэдээлэл яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөө үгүйсгээд байгаа ч шиг, үгүй ч шиг тайлбар ярьдаг. Гэхдээ түүнийг намынхаа дотоод сунгаанд орж, өрсөлдөөд эхэлбэл гайхах хэрэггүй юм. Яг үнэндээ, С.Амарсайхан олон жил сайлуулж, муулуулаад үзчихсэн. Улс төрийнх нь тохироо бүрдээд “Дэвш” гэвэл олны хэл ам, улс төрийн дайралтыг даваад гарна гэж үзэх хүн байгаа юм. Тэр цагт гагцхүү сонгогчдын дэмжлэг л шийднэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “нэр дэвшигч”-ээр хамгийн түрүүнд нэр зарлагдсан. Тэр хэрээрээ сайлуулж, муулуулсан. Сүүлдээ дахин дахин хэлж сануулаад байхад таагүй хочтой ч болсон. Жилийн өмнө улс төр өөрчлөгдөж, үе хоорондын зодоон намд нь болоход эмэгтэй хэрнээ энэ үйл явцын гол дүрүүдийн нэг нь болсон.
Улмаар, зодоон түр намжсан ч түүнийг чиглэсэн дайралт зогсоогүй юм. Тэгж тэгж өөрөө телевизийн нэврүүлэг хийж, түүгээрээ “Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй, тайван бай” гэснээр Б.Батцэцэгийг чиглэсэн дайралт намжсан. Тэр нь “Б.Батцэцэг Ерөнхийлөгчид дэвшчих вий” гэсэн хэн нэгний болгоомжлол байсныг илтгэдэг.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан бол мэдээж улс төрийн туршлагатай. Бас улс төр, бизнесийн маш том дэмжлэгтэй. Тэр утгаараа, яах аргагүй албан тушаал болгонд яригдаж байдаг МАН-ын кандидатуудын нэг болдог. Гэхдээ яг хүрэхдээ Боловсролын сайдаас дээшээ явдаггүй хүн байгаа юм. Тэр дахиад л Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр яригдаж байна. Гэвч “Энэ удаад тэр нөгөө найман улстөрчөө даваад, намаасаа цойлоод гараад ирэхийг үгүйсгэхгүй” гэж байна. Учир нь, Л.Энх-Амгаланг улс төрд түлхэж, өнөөг хүрэл тохойг нь түшиж, хазайлгалгүй тулж ирсэн компани нь Монголын улс төрийн өнөө цаг үед ойгүй хүчтэй байгаа билээ.
“УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшүүлбэл МАН гоё харагдана” гэдэг үг улс төр таадаг, ярьдаг хүмүүсийн амнаас унах болсон. Тийм ч биз, үгүй ч биз. Жүдогоор хичээллээж, гитартай дуулдаг. Түүнийгээ ойрд олон нийтийн сүлжээгээр түгээх нь ихэссэн. Сонгууль дөхсөн, аргагүй биз. Хамгийн гол нь, тэрээр мэдлэгтэй, тэр хэрээр сайдаар очсон салбартаа, даргаар томилогдсон Байнгын хорооныхоо ажлыг шинжлэх ухаанч, бодитой харж явуулдаг. Дипломатч учир жижиг сажиг, ялих шалих үг унагаж, шар бор асуудалд хутгалддаггүй хүн байгаа юм. Гэвч тэр улс төрийн зүрх зориг сайнгүй, тааруу гэгддэг. Дээрээс нь “Улс төрд өдий удахдаа Сү.Батболдын сүүдрээс гараагүй” гэж шүүмжлүүлдэг.
Ер нь бол, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН-аас өрсөлдөх боломжтой ийм ес, тодруулбал ил гарсан дөрөв, “нуугдсан” таван улстөрч байгаа юм. Гэхдээ тус намаас өрсөлдөх хүсэлтэй улстөрч энэ ес дээр нэмэгдэж ч магадгүй гэсэн мэдээлэл байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 164 (7906)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.