Индонез улс ой хээрийн түймэрт холбогдуулан 19 компанийг шалгаж эхэллээ
Индонез улсын Засгийн газар Суматра болон Калимантан аралд гарсан ойн хээрийн түймэртэй холбогдуулан 19 компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлснийг тус улсын Байгаль орчны яамнаас 2026 оны наймдугаар сарын 31-ний даваа гаргийн мэдэгдэлдээ зарлалаа.
Хуурайшилтын улиралд гарсан түймрийн тархалтыг зогсоох зорилгоор хийж буй уг шалгалтыг хиймэл дагуулын зураглалд үндэслэн эхлүүлсэн байна. Байгаль орчны хууль сахиулах газрын орлогч дарга Ризал Ираван шалгалтын явцад түймэр санаатай болон санамсаргүй байдлаар гарсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй бүсэд гарсан түймрийн хариуцлагыг аж ахуйн нэгжүүд бүрэн хүлээх хуулийн зохицуулалттайг онцолжээ.
Хиймэл дагуулын зураг ашиглан ойн түймэр гарах өндөр эрсдэлтэй бүсэд үйл ажиллагаа явуулдаг 42 компанийг эхний ээлжинд илрүүлсэн байна. Үүнээс долоон мужийн нутаг дэвсгэрийг хамарсан, нийт 11,047 гектар талбай бүхий түймрийн голомт нь нэр бүхий 19 компанийн эзэмшлийн бүсэд байгааг тогтоожээ. Дээрх шатаж буй газар нутгийн хэмжээ нь Манхэттен арлын газар нутгийг бараг хоёр дахин томруулсантай тэнцэх хэмжээний талбай юм. Засгийн газраас шалгагдаж буй компаниудын нэрс, үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрлийн төрлийг одоогоор олон нийтэд мэдээлээгүй бөгөөд үлдсэн 23 компанийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Эль-Ниньо цаг уурын үзэгдлийн нөлөөгөөр Индонез улсад хуурайшилт эрчимжиж, зөвхөн 2026 оны долоодугаар сард 95,000 орчим гектар газар түймэрт өртжээ. Түймрээс үүдэлтэй өтгөн утаа хэд хэдэн мужид онцгой байдал зарлахад хүргэсэн бөгөөд орон нутгийн оршин суугчдын амьсгалын замын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, зэрлэг орангутан сармагчны амьдрах орчныг сүйтгэж байна.
Ерөнхийлөгч Прабово Субианто наймдугаар сарын 24-нд гаргасан шийдвэртээ ойн түймэрт холбогдсон аливаа компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлахыг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ Байгаль орчны сайд Мохаммад Жумхур Хидаят ойн түймэр гаргасан 30 орчим компанийг шүүхэд өгч, улсад учруулсан хохирол болон байгаль орчныг нөхөн сэргээх зардалд зориулж нийт 15 их наяд рупи буюу ойролцоогоор 847.9 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэхээ мэдэгдсэн байна.
Засгийн газраас өмнө нь Калимантан мужид 1,511.55 гектар талбай шатсантай холбогдуулан ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан компанид (PT WEL, PT FI, PT MPK, PT WSP, PT NES, PT PSR) засаг захиргааны арга хэмжээ авч байжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд газар нутгийг нөхөн сэргээх шаардлага тавихаас гадна бизнесийн тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авсан байна. Мөн Борнео болон Суматра арлуудад гарсан ойн түймрийн хэрэгт холбогдуулан цагдаагийн газраас 72 сэжигтнийг баривчлан шалгаж байгаа бөгөөд хууль бус үйлдлүүдтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.