Гаалийн зарим байцаагчийн хэргийг шалгаж дуусжээ
АТГ-ынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газрынхныг шалгаж, улмаар Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагын 36 байцаагчийг яллагдагчаар татаад байсан. Тэднээс өнгөрсөн долоо хоногт нэг бус байцаагчид холбогдох хэргийг шалгаж дуусан, шүүх, прокурорын байгууллагад шилжүүллээ.
Тухайлбал, Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байсан Н.Төрсайханд Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллага өнгөрсөн сарын 24-28-ны хооронд 252 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний гурав нь авлигын хэрэг. Уг гурван хэргийн нэг нь дээрх Н.Төрсайханд холбогдох үйлдэл юм.
Тэрбээр Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа нэр бүхий гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2023-2025 оны хооронд нийт 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Улмаар хахууль өгсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэгт хяналт шалгалт түргэн шуурхай хийлгэж, гаалийн хяналтын талбайгаас шуурхай гаргах зөвшөөрөл олгохыг байцаагч нартаа үүрэг, чиглэл болгосон хэмээн буруутгагдсан байна.
Ингэснээр нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2366, нөгөөгийнх нь 1274 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараараа түргэн шуурхай хянуулж, хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл олгуулсан гэж яллагдагчаар татагдсан аж.
Тэгвэл АТГ-ынхан Улаанбаатар хотын Гаалийн газрын ахлах байцаагч Б.Мөнхзоригт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр “Техник импорт” компанийн гаалийн хяналтын талбайд буусан, “Марин нью пост экспресс” ХХК-ийн БНСУ-аас импортолсон ачаа, бараанд хяналт шалгалт хийсэн аж. Энэ үедээ “Марин нью пост экспресс” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох Х.Туяа, Х.Бат-Амар, гаалийн зуучлагч Г.Дэлгэрмаа нараас хахууль авсан хэрэгт холбогдсон гэнэ. “Марин нью пост экспресс” ХХК-ийн удирдлага нь ганц энэ байцаагчаар тогтохгүй, гаалийн байцаагч Б.Мөнхбат, Д.Ням-Осор нарт хахууль өгсөн хэрэгт мөн холбогдоод байсан юм.
Г.РАВЖАА
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.