Хахууль авсан ИНЕГ-ын ажилтнуудыг дахин шалгаж дуусав

Хахууль авсан ИНЕГ-ын ажилтнуудыг дахин шалгаж дуусав

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) болон түүний харьяа аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудад холбогдох бусдаас хахууль авсан, өгсөн хэргийг АТГ-ынхан дахин шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

Иргэний нисэхийн салбарын эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Э.Мишээл, Б.Золбоо, Д.Дорждэрэм нарын хэргийг НПГ-т шилжүүлэх гэж буй тухай мэдээлэл холбогдох албан тушаалтнуудад нь ирсэн гэнэ. ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) ТӨХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Э.Мишээл, мэргэжилтэн Б.Золбоо нар дуурийн дуучин мэргэжилтэй Д.Дорждэрэмийг холбогдох сургалтад сууж, гэрчилгээ аваагүй, шаардлага хангаагүй байхад нь ажилд авч, албан тушаалд томилохдоо хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, ИНҮТ-ийн газрын дарга Э.Мишээл, ИНЕГ-ын даргын туслах бөгөөд өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Б.Золбоо нар Д.Дорждэрэмээс таван сая төгрөгийн хахууль авсан. Үүнийхээ дөрвийг нь Э.Мишээл, нэгийг нь Б.Золбоо нь захиран зарцуулсан хэрэгт буруутгагдсан байдаг. Улмаар ИНҮТ-ийн харьяа Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын газрын дарга, улсын начин Б.Сэр-Одтой утсаар ярьж шалгуур хангаагүй дээрх дуучныг шалгагчийн албан тушаалд томилуулсан аж. Мөн Э.Мишээл нь сонгон шалгаруулалт явуулах ёстой ажлын байр буюу “Буянт-Ухаа” нисэх буудалд холбогдох албан тушаалд тусгай шаардлага хангаагүй Б.Санчир гэх хүнийг томилж, давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Шүүхээс ИНҮТ-ийн харьяа Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын газрын дарга, улсын начин Б.Сэр-Одын үйлдэл оролцоог тодруулах шаардлагатай гэж үзэн уг хэргийг прокурорт буцаагаад байсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.