Гранд Каньонд үер бууж хоёр хүн амиа алдан, 15 хүн сураггүй болжээ
АНУ-ын Гранд Каньон үндэсний паркийн хавцалд 2026 оны наймдугаар сарын 29-ний бямба гаргийн үдээс хойш 14:30 цагийн орчимд гамшигт үер бууж, хоёр хүн амиа алдаж, 15 орчим хүн сураггүй алга болсон байна.
Хүчтэй аадар борооны улмаас шавар, чулуу, төмөр болон хавцлын байгууламжийн нуранги бүхий асар их хэмжээний ус Брайт Анжел горхиор дамжин Колорадо гол руу хүчтэй урсан оржээ. Одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд байгалийн гамшиг паркийн дэд бүтцэд ноцтой хохирол учруулаад байна.
Үндэсний паркийн захиргаанаас мэдээлснээр, наймдугаар сарын 31-ний байдлаар хоёр хүний цогцсыг олж илрүүлээд байна. Эхний хохирогч болох 46 настай эрэгтэйг ням гаргийн орой Колорадо голын Кристал Рэпидс орчмоос олсон бол хоёр дахь хохирогчийн цогцсыг даваа гарагт олсон бөгөөд хэн болохыг нь хараахан тогтоогоогүй байна. Түүнчлэн бүртгэлтэй аялагчид болон тухайн бүсэд ажиллаж байсан ажилчдын нэгдсэн тоо тодорхойгүй байгаагийн улмаас сураггүй болсон хүмүүсийн тоог нарийн гаргахад хүндрэлтэй байгаа ч 15 орчим хүн олдохгүй байна. Тэдний дунд наймдугаар сарын 28-ны баасан гаргийн загасчлахаар явсан хоёр иргэн багтаж байгаа аж.
Байгалийн гамшиг нүүрлэх үеэр хавцлын гүнээс 62-64 хүнийг нисдэг тэргээр аюулгүй нүүлгэн шилжүүлж, Масвик Лодж дахь Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжийн цэгт хүргэсэн байна. Гэвч үерийн улмаас Өмнөд ирмэг болон хавцлын доторх байгууламжуудыг ундны усаар хангадаг "Transcanyon Waterline" шугам ноцтой гэмтжээ.
Нийт 12.5 миль урттай усан хоолойн 40 орчим хувь нь эвдэрч сүйрсэн тул паркийн хэмжээнд усны хэрэглээний дөрөвдүгээр зэргийн онцгой дэглэм тогтоож, Эль Товар, Брайт Анжел Лодж зэрэг бүх зочид буудлуудыг түр хаасан байна.
Үерийн улмаас Брайт Анжел горхийг гаталдаг явган хүний гүүрнүүд бүрэн сүйрч, Колорадо гол дээгүүрх Силвер болон Блэк гүүрнүүдийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Энэхүү гамшигт үер болоход цаг уурын хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд Эль Ниньо урсгал, Номхон далайн далайн дулааны давлагаа болон "Изель" халуун орны шуурганы чийгшил нэгдсэнээр аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн 2025 оны долоодугаар сард гарсан "Драгон Браво" түймэрт өртөж ургамалгүй болсон 150 мянган акр газар усыг шингээж чадаагүй нь үерийн хүчийг улам нэмэгдүүлжээ.
Одоогийн байдлаар Аризона мужийн хойд хэсэгт үерийн аюулаас сэрэмжлүүлэх дохио хүчинтэй хэвээр байгаа бөгөөд аадар бороо үргэлжлэн орж байгаа нь эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулж байна. Паркийн захиргаанаас иргэдийг тус бүс рүү нэвтрэхгүй байхыг анхааруулж, сураггүй болсон аялагчдын талаар ямар нэгэн мэдээлэл байвал яаралтай холбоо барихыг уриалж байна.
Эх сурвалж:
•
• nps.gov
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.