Бат-Үүлийн Чулуудай: Бусдын төлөө бэртэгчин царайлаагүй тас хар үстэй сайхан залуу явсан аав минь...

Бат-Үүлийн Чулуудай: Бусдын төлөө бэртэгчин царайлаагүй тас хар үстэй сайхан залуу явсан аав минь...
Ардын уран зохиолч С.Эрдэнийн ач хүү Б.Чулуудай цахим хуудастаа пост оруулжээ. Тэрбээр, намайг найман настай байхад аавыг минь бидний нүдэн дээр баривчилж аваад явсан юм. Тэр өдрөөс хойш бараг 40 жил өнгөрчээ. Хүний амьдралаар бол бараг л нэг жаран юм уу даа. Гэтэл аавыг минь дагасан хараал, гүтгэлэг, доромжлол яг л тэр хэвээрээ байна хэмээжээ.
 
Цааш нь, Аавыг минь “Хувьсгалаа дутуу хийсэн” л гэнэ. “С.Зоригийг алсан” л гэнэ. “Хотын дарга байхдаа идсэн, уусан” л гэнэ. “Гэр хорооллынхныг хохироосон” л гэнэ.
 
Он жил өнгөрөх тусам үг нь солигддог болохоос утга нь ердөө өөрчлөгддөггүй. Хамгийн хэцүү нь, энэ олон үгийн аль алинд нь бодит баримт, нотолгоо нэхээд хэнд ч байдаггүй. Зүгээр л хэн нэгнийг буруутгах хэрэгтэй болсон үед аавын минь нэрийг гаргаж ирж өөрсдийн бухимдал, хорсол, амьдралынхаа бүтэлгүйтлийг түүнд наачихдаг юм билээ.
 
Бид ч олон арван жил ингэж хараалгаж, доромжлуулсаар байгаад сүүлдээ бараг дөжирчихсөн дөө. Гэхдээ хүүхэд насанд үлдсэн зарим зүйлд хүн тийм ч их дөжирдөггүй юм байна.
 
Аавыг минь залуу байхад манай өвөөгийнх рүү бараг өдөр бүр таних, танихгүй хүмүүс утасдана. Эмээг минь гичий нохойгоор нь дуудан хараана.
 
Аав минь мэдээж ажилгүй болж, ээжийг ч ажлаас нь эвтэйхэн халсан. Харин бид хаа сайгүй аавынхаа нэрээр гадуурхагдана.
 
Хүүхэд байхад аавынхаа нэрийг хэлэх хүртэл заримдаа зориг шаарддаг байлаа. Хүмүүс итгэхгүй л дээ. “Хэний хүүхэд вэ?” гэж асуухад нь үнэнийг хэлчихвэл дараа нь яаж хандах бол гэж тээнэгэлзэнэ. Заримдаа хэлнэ. Заримдаа нууж өнгөрнө. Учир нь аавынхаа нэрийг хэлсний дараа хүмүүсийн харц хэрхэн өөрчлөгдөж, үг нь яаж ширүүн болж, ямар муухайгаар доромжилж, дээрэлхдэгийг бид багаасаа мэддэг болчихсон байсан юм. Ядаж байхад аавын минь нэр их содон. Нуух гээд ч амархан нуучих нэр биш. Бүгд л мэднэ. Тиймээс хүлээнэ. Тэвчинэ. Үгээ залгина. 
 
Ихэнхдээ аавынхаа нэрийг нууж байж л бусдын адил энгийн харилцаанд орохыг хичээдэг хүүхэд нас бидэнд байсан юм. Хамгийн сонин нь тэр үе өнгөрсөн ч энэ бүхэн бүрэн дууссангүй
 
Нэг удаа хүү минь надаас "Ааваа, та нар өмнө нь юу хийсэн болоод хүмүүс бидэнд ингэж их дургүй байдаг юм бэ?" гэж асуусан. Тэр асуултыг сонсоод би хэсэгтээ юу ч хэлж чадаагүй. “Бид чинь гурав биш дөрвөн үеэрээ хараалгах тавилантай улс юм байж дээ л гэж дотроо бодоод өнгөрсөн.
 
Бидний тавилан ийм л юм байна гэж эвлэрээд, үгээ залгиад өнгөрдөг үе маань үргэлжилсээр дуусаагүй бололтой.
 
Би хааяа нэг зүйлийг өөрөөсөө асуудаг юм. "Үнэхээр энэ хүмүүс яагаад энэ нийгмээс авахыг хүссэн бүхнээ авчихаад, түүнийгээ үгүйсгэдэг юм бол доо?".
 
Бүхэл бүтэн нийгмийн баян элит болчихсон, ардчиллын буянаар ганзага зөөж баяжаад олны танил болсон хүн хүртэл “Социализм их сайхан байсан” л гэнэ. Орос ах л гэнэ. Lexus 600 уначихсан, арван хуруундаа алтан бөгж зүүчихсэн махны ченж ч ардчиллыг хараана. Ардчиллын хүчээр гаднаа тал дүүрэн малтай, Porter, Bongo өрөөд тавьчихсан, Land 200-гаа дулаан бүтээлгээр бүтээчихсэн мянгат малчин ч ардчиллыг хараана. Тэгснээ дээрээс нь “Хүүхдүүд маань нэг нь Австралид сурч байгаа, нөгөөх нь Солонгост хар ажил хийдэг, тэр хүүгийн хар ажил хийж байгаа нь энэ нийгмийн буруу” гэж байхыг сонсож л байлаа.
 
Би сайн ойлгодоггүй юм. Нэг удаа цоо шинэ Range Rover уначихсан, нүүр дүүрэн брэндийн хар шил зүүчихсэн залуу аавыг минь гудамжинд алхаж явахад нь ууж явсан юмаа нүүр рүү нь шидээд, “Буурал толгойлсон хар өгөр өвгөн T.Бат-Үүл ээ чи зайлаач ээ!” гэж харааж байхыг би хажуунаас нь нүдээрээ хараад тэр залууд их уур хүрч билээ.
 
Аав минь уг нь тэдний төлөө л тэмцсэн юм шүү дээ! Тэр ганзагчинг гадаад паспорттой болгож, хүссэн наймаагаа хийж явдаг болгохын төлөө. Тэр малчинг тал дүүрэн малтай болгохын төлөө! Тэдний хүүхдийг өөрийнхөө сонголтоор гадаадад амьдарч, сурч боловсрох, ядаж сурч чаддаггүй юмаа гэхэд хар ажил хийх эрхтэй байлгахын төлөө. Тэр аймар том брэндийн хар шилтэй залууг хүссэн шилээ өөрийнхөө мөнгөөр авч, хүссэн машинаа унаж, хүссэнээрээ амьдрах эрхтэй байлгахын төлөө л аав минь 1990 онд анд нөхөдтэйгөө хамт тэмцсэн юм шүү дээ. Тэр үед төрийн эсрэг бослого, хөдөлгөөн гэдэг цаазын ялтай байлаа шүү дээ. Тэр бусдыгаа уриалж, зоригжуулж, өөрөө үлгэрлэж, баригдаж хоригдоод ч хамаагүй тэмцсэн нь архивт баримт болоод үлдсэн байна лээ. Тэр олон залуусын зориг, эрсдэл, тэмцэл нийлж байж л 1990 оны хувьсгалын тохироо бүрдсэн юм шүү дээ.
 
Дэлхий нийт өөрчлөгдөж байхад Монгол бахь байдгаараа, коммунист дарангуйллын тогтолцоондоо үлдсэн бол өнөөдөр та нар аавыг минь ингэж чөлөөтэй харааж, доромжилж ч чадахгүй шүү дээ. Та нар нүүрээ ч нууж чадахгүй баригдана
 
Тэр үед үнэндээ хэдхэн даргаа тахин шүтэж тэдний эсрэг үг хэлбэл шоронд суудаг байлаа. Р.Чойном шиг үзэл бодол, үнэн үг бичсэнийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулдаг, хувийн өмч, хувийн бизнесийн тухай мөрөөдөх ч боломж байгаагүй юм шүү дээ. Тэр үед нэгдлийн хэдэн мал тооллогоор дутахад “Нийгмийн өмч шамшигдуулсан” хэргээр ял сонсдог байлаа. Гадаадад ажиллаж амьдрах нь битгий хэл монгол хүн өөрийн гэсэн пасспортгүй байсан юм. Тэрийгээ тэр орос ахын “дүү” ах нар бүгд л мэдэж байгаа.
 
Орос ах л гэнэ, хэрэв хуучин тогтолцоо чинь үлдээд Орос ахынхаа далбаан дор байсан бол өдийд бид хамгийн түрүүнд олон мянган аавын хөвгүүдээ фронт руу цөлүүлэх байсандаа үнэндээ! Араас нь гомдоллох ч эрхгүй амаа үдүүлээд бүхнийг фронтын төлөө гээд сууж байх байсан.
 
Би боддог юм, тэр үед аав минь шантарсан бол эсвэл хүний хэл ам үгнээс айсан бол бидэнд юу болох байсан бол.
 
Аав ээж минь ажилтайгаа үлдэх байсан. Бид энд тэнд нүд үзүүрлэгдэж, аавынхаа нэрийг нууж, хүний хараал доромжлолоос айж амьдрахгүй байсан байх.
 
Гэхдээ л аав минь тийм замыг сонгоогүй. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ амар тайван амьдралаас илүү бусдын эрх чөлөөтэй амьдрах боломжийг сонгосон юм шүү дээ.
 
Харин тэр эрх чөлөөгөөр нь амьдарч, тэр эрх чөлөөгөөрөө хөрөнгөжиж, тэр эрх чөлөөгөөрөө дэлхийгээр явж, үр хүүхдээ хүссэн газартаа сургаж, өөрийн өмчтэй, өөрийн сонголттой болсон хүмүүсийн дийлэнхи нь өнөөдөр эргээд тэр эрх чөлөөгөө харааж байхыг харахаар өмнөөс нь гомдох юм аа!
 
За яахав ээ, та нар минь гэхдээ хараа хараа! Эцсийн эцэст эр зоригтой байж бусдын төлөө бэртэгчин царайлаагүй тас хар үстэй сайхан залуу явсан аав минь та нарын наад нүүрээ нууж байгаад бусдыг хараах эрхийн чинь төлөө тэмцсэн юм шүү дээ.
 
Доорх зураг "Газрыг Шударгаар Хувьчлахын Төлөө" тэмцэл эхэлсэн үеийн зураг. Тэр тухай хүмүүс мэдэх ч үгүйдээ хөөрхий! 
cd747ae550e74a1da087848dd75c1dca
гэжээ.

Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн 12 цаг, 6 минут
Батүүл ,Элбэгээ хоёр өөрсөдөө өөрсөдийнхөө толгойг Цустсан шүү дээ,
Гана 11 цаг, 40 минут
Элбэгдорж, Батүүл болон эрх чөлөө тусгаар тогтнол,ардчилалын төлөө тэмцсэн түүний нөхөд Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэнэ.
Зочин 8 цаг, 18 минут
Муу муухай байж болноо.Ганц үнэн юм бий.Орос цэргээ гаргасан Ард түмэн гинжнээсээ салсан Алдаа бий.Тэр нь өмч хувьчлалынг бэлтгэлгүй хийсэн.Ард түмэн юу болоод байгааг ойлголгүй цэнхэр ягаан тасалбараа ашиглаж чадаагүй.Мэдээлэл сайтай нт хожсон
Зочин 5 цаг, 55 минут
Ардчилалыг авчирсан ч ардчилагч нэртэй өлөн бөөснүүд авлигачид болсонд байгаа юм.Соц нийгэмд сайн муу юм бий гэхдээ ингэж баян ядуу барлаг боол шиг ард түмэн байгаагүй юм ш дээ
Н.Эрдэнэхуяг 5 цаг, 49 минут
Монголын бүх ард түмэн дэмжиж, улс төрийн товчоо огцорч , өөрчлөлт хийх нь зөв гэж дүгнэснээр ардчилал , эрх чөлөөт нийгмийн суурь тавигдсан юм. Ганц хүний тэмцэл биш шүү. Гэхдээ үр дүнд нь одоо юу гээч нь болоод байгааг харж байгаа хүмүүс эцгийг чинь, бас ардчилагчид гэжөөрсдийгөө мандуулдаг хүмүүсийг харааж байна. Бид ийм үр дүнг хүсээгүй. Тэд буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээж яваа. Тэр шороо нь энэ их үзэн япалт, хараал зүхэл шүү дээ. Ардчилалын ялалт нь бүх ард түмнийх юм. Харин олоь амжилт, эд хөрөнгө, хязгааргүй эрх, эрх чөлөөг нь өөр хүмүүс эдэлж энэ улс орон эзэнгүй болсон. Түүнд чиний аавч бас буруутай. Чи ч бас тэр илүүг нь эдлээ биз дээ. Шороогоо тээсээр орчлонгоос шороо цацуулан буцах болно. Үр удам нь нэр муутай л явна даа.
Зочин 4 цаг, 27 минут
Бат-Үүл.Элбэгээ болон бусад ардчиллаар овоглосон хүмүүс жинхэн ардчиллын төлөө хүнд хэцүү үед зүтгэсэн хүмүүс шүү. Одоогийн жулдрайнууд юугаа мэдэхэв дээ. Хувьсгалыг зоригтнууд хийж. үр шимийг нь хулгайчууд хүртдэг гэж ардын үг үнэн юм даа.
Зочин 4 цаг, 27 минут
Бат-Үүл.Элбэгээ болон бусад ардчиллаар овоглосон хүмүүс жинхэн ардчиллын төлөө хүнд хэцүү үед зүтгэсэн хүмүүс шүү. Одоогийн жулдрайнууд юугаа мэдэхэв дээ. Хувьсгалыг зоригтнууд хийж. үр шимийг нь хулгайчууд хүртдэг гэж ардын үг үнэн юм даа.
Би 3 цаг, 44 минут
Ардчиллыг авч ирсэн ч өнөөх МАХН гэгч хар мангас шүүрч аваад өөрсдөө сайхан баяжаад сүүлд нь ард түмний нуруун дээр гараад суучихсан шүү дээ гэхдээ л тэмцсээр л байгаа эрх мэдэл алга эрх мэдлийг хвахын бол сайхан болно доо
Амараа 3 цаг, 5 минут
Дүүгийн бичсэн бүхэн туйлын үнэн билээ. МОНГОЛЫН зон олон хүмүүс өөрсдийгөө нэг хараач толинд.
Зочин 1 цаг, 37 минут
Үнэн шүү. Энэ элдвээр бичээд үзэн ядаад байгаа нөхдүүдийн ингэж хуцах эрхийнх нь төлөө тэмцсэн. Ер нь монголчууд бид угаасаа ямаан омогтой, урвагч бялдууч удамтай ард түмэн шүү!!!