Н.Учрал: Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн тэргүүлсэн Засгийн газрын анхны төсөв болох 2027 оны улсын төсвийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
Монголын баялгийг Монголчуудад хүргэж, эх орныхоо эзэн болсон монгол хүн бүр эрдэнэсийн өгөөжөө бодитоор хүртэх есөн шийдвэрийг танилцуулъя. Мөн сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, иргэндээ зориулах төсвийн тодотголыг хийнэ.
- Оюутолгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчирна. 20 жилийн дуусгаагүй яриаг дуусгана. Оюутолгойн ногдол ашиг аль нэг яамны, хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Оюутолгойн ногдол ашгаар хаана, юу хийхийг И-Монголиа аппликейшнээр нээлттэй санал, асуулга иргэдийн дунд явуулна. Энэ бол таны мөнгө.
- Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг таны хувьцаа үнэгүй цаас биш. Тус компанийн нээлттэй компани болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно. Шинэ технологи бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр, дэлхийн хөрөнгө оруулагч нарт санал болгож 500 сая америк доллларын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна. Төрийн өмчит компаниудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх, хувийн хэвшлээ өсөн дэвжихэд дэмжлэг болгон зарцуулна.
- Иргэн цалингийнхаа 792.000 хүртэлх төгрөгт ХХОАТ төлөхгүй. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. 2.5 тэрбум хүртэлх борлуулалттай компани ААН-ийн орлогын албан татварын нэг хувийн татвар төлнө. НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23 мянган компани, ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй. 25 хувь төлдөг байсан татварыг 15 хувийн татварын шинэ шатлалтай болгож, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулна.
- Ирэх онд ахмадуудын тэтгэвэр дунджаар 1.335.400 төгрөг болно. 2027оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүү арилж, илүү олон жил төлсөн нь илүү их тэтгэвэр авна. Энэ оны 11 дүгээр сараас эхлэн ахмад настнуудад суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэвэр олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуус НДШ төлөхгүй. Багш нарын цалинг энэ онд 50 хувиар, эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. 11 дүгээр сарын 1-нээс эмч нарын цалинг 20 хувиар нэмж адил тэгш хандах болно. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувь нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ.
- 16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн зургаан хувийн зээлээр, хоёр мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа 4000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь биш, 15 хувь болж босго нь хоёр дахин багасна.
- Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай дулааны зургаадугаар цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан дулааны гуравдугаар цахилгаан станц, 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй.
- Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой 15 дотуур байрыг шинээр барина. Ирэх онд 100 мянган сурагч гүүглийн компьютероо авна. 100 сургууль гүүглийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон сургууль болгоно.
- Одоогийн байдлаар гадаадын зээл, тусламжаар 39 эмнэлэг баригдаж байна. Үүн дээр нэмж 34 эмнэлгийг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна.
- Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Ирэх онд ахин 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна. 150 км тутамд нэг ногоон өртөө зам дагуу босгоно. Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд гаалийн болон онцгой албан татвар төлөхгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд би ард түмний элч төлөөлөгч болсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс Монголын баялгаа Монголчууддаа хүргэх есөн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн баталж өгөхийг хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.