Mounjaro бэлдмэлийг зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулахад ашиглахыг зөвшөөрлөө
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр "Эли Лилли"компанийн чихрийн шижингийн эсрэг "Mounjaro" бэлдмэлийг зүрх судасны өвчлөлийн хүндрэлийн эрсдэлийг бууруулах зорилгоор ашиглах зөвшөөрлийг олгосон байна.
Ингэснээр тус бэлдмэл нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогдсон анхны бөгөөд цорын ганц хоёрчлогдсон GIP болон GLP-1 рецепторын агонист эм болж байна. Шинэчилсэн зөвшөөрлийн дагуу уг тариаг зүрх судасны өвчлөлөөр нас барах, зүрхний шигдээс болон тархинд цус харвах өндөр эрсдэлтэй, хэв шинж хоёрын чихрийн шижинтэй насанд хүрэгчдэд хэрэглэх юм.
Уг шийдвэрийг гаргахад дэлхийн 30 орны 640 төвд явуулсан "SURPASS-CVOT" нэртэй эмнэлзүйн гуравдугаар шатны судалгааны үр дүн гол нөлөө үзүүлжээ. Нийт 13,299 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар "Mounjaro" бэлдмэлийг өмнөх үеийн ижил төрлийн "Trulicity" (дулаглутид) эмтэй харьцуулан туршсан байна. Дунджаар дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилсэн ажиглалтаар "Mounjaro" хэрэглэсэн өвчтөнүүдийн дунд зүрх судасны хүндрэл үүсэх магадлал "Trulicity" эмтэй харьцуулахад найманхувиар бага байгаа нь ажиглагдсан бөгөөд ходоод гэдэсний замын хөнгөн хэлбэрийн гаж нөлөө голлон илэрчээ.
Чихрийн шижинтэй гурван хүн тутмын нэг нь зүрх судасны оношлогдоогүй өвчлөлтэй байдаг тул шинэ зөвшөөрөл нь эмчилгээний практикт маш том ахиц дэвшил авчирч байна. Энэ нь өрсөлдөгч "Ново Нордиск" (Novo Nordisk) компанийн "Ozempic" бэлдмэлтэй зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох юм. Түүнчлэн эмнэлзүйн заалт ийнхүү өргөжсөнөөр эрүүл мэндийн даатгалын компаниуд уг эмийг нөхөн төлбөрийн жагсаалтдаа оруулах шийдвэрт нөлөөлж, өвчтөнүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр "The BMJ" анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэгэн судалгаагаар тирзепатид бодис нь зүрхний шигдээс, харвалт болон нас баралтын эрсдэлийг бусад эмчилгээтэй харьцуулахад бараг гуравны нэгээр бууруулдаг болохыг баталжээ. Мөн уг бодис нь бактерийн гаралтай хүнд халдварын эрсдэлийг бууруулж, халдварын шалтгаант нас баралтыг 60 хувиар цөөрүүлдэг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж:
• time.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.