СОР17: Монгол Улс 1.48 тэрбум ам.долларын ногоон хөрөнгө оруулалт татлаа
СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Талуудын 17 дугаар бага хурлын дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нарын хамт хэвлэлийн бага хурал хийж, 12 өдрийн ажлын үр дүнг дүгнэлээ.

Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч өнөөгийн санхүүжилт 77 тэрбум ам.долларын түвшинд байна.
Энэ удаагийн хурлын үеэр дэлхийн хэмжээнд газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэх чиглэлээр 16 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт, санаачилга яригдлаа.

Монгол Улсын хувьд ногоон төсөл, хөтөлбөрүүдэд чиглэсэн гэрээ, хэлэлцээр, санамж бичиг болон санхүүжилтийн амлалтын нийт дүн 1.48 тэрбум гаруй ам.долларт хүрлээ.
Үүнд Европын хөрөнгө оруулалтын банкны 200 сая евро, Дэлхийн банкны 100 сая ам.доллар, газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн 130 сая ам.доллар, Монголын ногоон санхүүгийн корпораци болон "ХаанБанк"-ны 50 сая ам.долларын хэлцэл багтаж байна.
Мөн ойн түншлэл, сэргээгдэх эрчим хүч, үер усны далангийн байгууламж, нийтийн тээвэр, ногоон хөгжлийн чиглэлээр 400 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээрийг НЗДТ амжилттай хийгээд байна.

Түүнчлэн үүнээс гадна Монгол Улс 863 МВт-ын Хиймэл оюун ухаанд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах хөрөнгө оруулалтыг гэрээг 10 гаруй аж ахуй нэгжүүдтэй байгууллаа. Энэ нь COP17 хурлын уур амьсгал, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан ногоон дижитал эдийн засгийн шинэ боломжийг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой төсөл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.