Сэлэнгэ аймаг 421.4 мянган тонн ургац хураан авна
2026 оны ургацын урьдчилсан балансаар Сэлэнгэ аймагт нийт 195.5 мянган га талбайгаас 421.4 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна. Тухайлбал, 221 мянган тонн үр тариа, үүнээс 203 мянган тонн улаанбуудай, 45.1 мянган тонн малын тэжээл, 23.4 мянган тонн тосны ургамал, 46.5 мянган тонн төмс, 85.2 мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан тооцоо гараад байна.
Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбуудай 195 га, бусад үр тариа 40 га, төмс 411 га, хүнсний ногоо 477.5 га талбайд тус тус хураалт хийж байна. Төмсний ургац хураалт 12.8 хувь, хүнсний ногооны хураалт 10.1 хувийн явцтай байна. Ургац хураалтад аймгийн хэмжээнд 712 үр тарианы трактор, 446 комбайн, 350 үтрэмийн машин, 35 төмсний комбайн ашиглаж байна. Мөн ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд зохион байгуулахад 1,226 түр ажиллах хүч шаардлагатай гэсэн захиалга ирүүлжээ.
Намрын ургац хураалт болон тээвэрлэлтийн ажилд 10–12 мянган тонн шатахуун шаардлагатай байгаа бөгөөд одоогоор аймгийн хэмжээнд 38 шатахуун түгээх станцад 607.5 тонн АИ-92 бензин, 661 тонн дизель түлшний нөөц байна. Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулахад ажиллах хүч, шатахууны нөөц, техникийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.
Төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, зоорийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд энгийн 20,5 мянган тонн, нүхэн 8,1 мянган тонн, механик хөргөлттэй зоорь 8,9 мянган тонн, нийт 37,5 мянган тонн багтаамжтай зоорь ашиглагдаж байна. Үр тариа хадгалах зориулалттай зоорийн хувьд Хөдөө аж ахуйн корпорацын Хөтөл салбарт 38 мянган тонн, Сэлэнгэ салбарт 28 мянган тонн, Онцгой байдлын газрын харьяа Орхонтуул сумын салбарт 2,5 мянган тонн, Мандал сумын салбарт 1,5 мянган тонн, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбарт 68 мянган тонн, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид 47,4 мянган тн нийт 184,4 мянган тоннын багтаамжтай агуулах бэлэн байгаа юм.
Аймгийн хэмжээнд Мандал, Баянгол, Орхон сумдад тус бүр 500 тонн, Зүүнбүрэн, Хушаат, Жавхлант, Шаамар сумдад тус бүр 200 тонн зоорийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.