С.Амарсайхан: Үзэл бодлоо илэрхийлэх нэрээр улс орны тусгаар тогтнолыг үгүйсгэж болохгүй
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр философич С.Молор-Эрдэнийг шалгаж эхлээд байна.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:
-Монгол Улсад хүн үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх нэрээр улс орны тусгаар тогтнол, дотоод аюулгүй байдал, цаашлаад ард түмний эв нэгдлийг үгүйсгэж, хагалан бутаргах, бусниулах гэсэн хууль бус үйл явдлыг хууль хяналтын байгууллага зүгээр өнгөрөөж болохгүй.
Гадаадын иргэн, этгээдийг суулгачихаад, өөр улсын түүх, ном судрыг урдаа тавин, Монгол Улс болон монгол хүн байхгүй байсан мэтээр ярьж байна. Биднийг байхгүй мэтээр эх оронгүй, үнэт зүйлгүй, түүх соёлгүй, ямар ч итгэл үнэмшилгүй болгох гэж байгаа энэ оролдлогыг шалгах ёстой бүх байгууллагууд нэр бүхий хүмүүсийг шалгаж, үнэн зөвийг нь ялгах ёстой.
Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд байгаагүй түүхийг бүтээсэн тусгаар тогтносон улс орныг хэн ч байгаагүй, хайгаад ч олоогүй гэх мэтээр системтэйгээр ярих боллоо. Төр гэж байгаа бол үүнийг шалгаж, арга хэмжээ авч, хуулийн хүрээнд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой. Энэ бол тоглоом биш, үзэл бодлын маргаан ч биш. Энэ бол улс төржүүлдэг сэдэв биш.
Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, монгол хүн бүрийн түүх соёл, үнэт зүйл бол бидний оршин тогтнохуйн үндэс юм. Хэн хаана нэр дэвших нь хувь хүний асуудал. Улс төрөө ярих бол яриад явах ёстой. Харин төрт ёс, төр улсаа үгүйсгэж, тусгаар тогтнолоор тоглож улс төр хийж болохгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.