🔴Д.Даваабаяр: Орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны хангамж, импорт болон түгээлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны 10 хоногийн нөөцтэй байна.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр:
-Энэ оны наймдугаар сарын 1-27-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 54,890 тонн, БНХАУ-аас 6,000 тонн, нийт 61,680 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна. Импортоор орж ирсэн автобензин болон вагон цистернүүдийг тээвэрлэх, буулгах, өртөөдөд хүргэх ажлыг "Улаанбаатар төмөр зам" Гаалийн ерөнхий газар болон аж ахуйн нэгжүүд хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Наймдугаар сарын эхний 27 хоногийн байдлаар орж ирсэн АИ-92 автобензиний хэмжээг хоногоор дундажлан үзвэл, өдөрт дунджаар 2,285 тонн шатахуун орж иржээ. Энэ нь манай улсын ердийн хэрэглээний нэг өдрийн хэмжээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн өдөр бүр тасралтгүй орж ирж байна гэсэн үг юм.
Иргэдийн зүгээс "Шатахуун тасралтгүй орж ирээд байхад нөхцөл байдал сайжрахгүй байна, орон нутагт бензин олдохгүй байна" гэх гомдол, саналууд гарч байна. Орж ирсэн бүтээгдэхүүнийг агуулахад буулгах, хадгалах, цааш нь тээвэрлэж түгээлт хийхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагддаг гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Энэ ажил нь тээвэрлэн хүргэх автомашины хүрэлцээ болон олон талын оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хийгддэг.
Монгол Улсын хэмжээнд 1,600 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 260 орчим нь байдаг. Харин шатахуун тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд 1,800 орчим байна. Хүргэх газар, аймаг орон нутгийн алслагдсан байдлаас шалтгаалан тээвэрлэлтийн хугацаа харилцан адилгүй байдаг.
Сүүлийн нэг сарын хугацаанд баруун бүсийн хэрэглээг хангадаг байсан Цагааннуур болон Боршоо боомтоор ОХУ-ын талаас нийлүүлэлт хийгдэх боломжгүй болж, бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор баруун бүсийн хангамжийг төвийн бүсээс буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад буусан вагон болон агуулахуудаас тээвэрлэн хангаж байна.
Үүнээс шалтгаалан Баян-Өлгий аймаг руу нэг тээврийн машин шатахуун хүргээд буцахад хамгийн багадаа 3-4 хоног, зарим тохиолдолд 6-7 хоног шаардагдаж байна. Улаанбаатар хотын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа тул одоо орон нутаг руу чиглэсэн ачилтыг сайжруулахаар холбогдох арга хэмжээнүүдийг авч байна.
Нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор шатахууны нөөц бага багаар өсөх хандлагатай байгаа ч хэрэглээ өндөр байгаа тул өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 хоногийн нөөцтэй байна. Энэ нөөцийн хэмжээ нь дундаж үзүүлэлт бөгөөд Улаанбаатар хот болон аймаг орон нутгуудад нөөцийн хэмжээ өөр өөр байна.
Эрээнцав руу ачуулсан вагонууд одоогоор замдаа явж байна. Зүүн бүсээр 1,780 тонн орж ирснээс үлдсэн ачилтууд хараахан орж ирээгүй байна. Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс Эрээнцав боомт хүртэл тээвэрлэлт хийхэд 10-14 хоног шаардлагатай байдаг тул наймдугаар сарын дундуур ачсан ачилтууд одоо дөхөж яваа бөгөөд зүүн бүсийн хангалтыг үүгээр шийдвэрлэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.