Зээлжих зэрэглэлийн оноог бодит цагийн горимоор шинэчилдэг болж, хэрэглээний төлбөр оноонд нөлөөлөхгүй
УИХ-ын даргаас Монголбанкны Ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр өгсөн 10 үүрэг, чиглэлийн хүрээнд Монголбанк ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын Банкны Холбооны төлөөлөл оролцож байгаа аж. Ажлын хүрээнд зээлийн мэдээллийг хугацаанд нь нийлүүлж байгаа эсэхэд ББСБ-уудад хяналт шалгалт хийж эхэлсэн бөгөөд цаашид банкуудад мөн шалгалт хийхээр төлөвлөжээ.
Мөн зээлийн мэдээлэл шинэчлэгдсэн даруйд иргэний зээлжих зэрэглэлийн оноо шинэчлэгдэх зохицуулалтыг хэрэгжүүлсэн байна. Өмнө нь уг оноо сард нэг удаа шинэчлэгддэг байжээ. Түүнчлэн иргэдийн зээлийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг нэг сувгаар хүлээн авч, шийдвэрлэлтийн явцыг харах боломжтой цахим системийг “E-Mongolia”-тай хамтран хөгжүүлж байна.
Уг системийг есдүгээр сарын сүүл гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Зээлийн мэдээлэлд засвар оруулах хүсэлтийг албан бичгээр хүлээн авдаг байсныг цахимжуулж, есдүгээр сарын 20-ноос ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.
Харин үүрэн холбоо болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхөө больжээ. Шинэ зохицуулалтаар зээлийн оноог зөвхөн зээл болон зээлийн төлөлтийн түүхэд үндэслэн тооцно. Хэрэглээний төлбөрийн мэдээлэл нь зээлийн лавлагааны “өр төлбөр” хэсэгт харагдах юм. Ингэснээр хэрэглээний төлбөрийн хоцрогдлоос шалтгаалан зээлийн оноо нь буурч байсан 690 мянга гаруй иргэний асуудал шийдэгдэж байна.
Үүнд хугацаа хэтэрсэн 390 мянга орчим, идэвхтэй 300 мянга орчим үүрэн холбооны төлбөр багтаж байна. Монголбанкнаас мөн иргэдийн дунд байдаг “зээлийн хар жагсаалт” гэх ойлголт буруу болохыг тайлбарлав. Зээлийн мэдээллийн лавлагаа нь тухайн иргэний зээлийн түүхийг харуулдаг бол зээлжих зэрэглэлийн оноо нь зээл төлөлтийн сахилга батад үндэслэн тооцогддог үзүүлэлт юм. Иймээс зээлээ хугацаанд нь төлдөг, өндөр оноотой иргэд цаашид бага хүүтэй, өндөр дүнтэй зээл авах боломжтой болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.