Хээрийн түймэр тавьж, хүний амь хохироосон хэргийг шийдвэрлэлээ

Хээрийн түймэр тавьж, хүний амь хохироосон хэргийг шийдвэрлэлээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 2024 оны аравдугаар сарын 11-нд хээрийн түймэр гарч, үүний улмаас их хэмжээний талбай шатаад зогсохгүй нэг хүний амь эрсэдсэн юм.

Автомашины янданд өндөр ургасан өвс хуримтлагдсаар халж, эл түймэр ассан болохыг шинжээчид тогтоож, Л.Нацагдорж гэх хүнийг Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан шалгасан байна.

Улмаар шинжээчийн дүгнэлт нарийвчлан гаргахад 81.1 га талбай шатаж, байгаль орчинд хоёр тэрбум, түймэр унтраах зардалд 13, бусдад 739 сая, нийт 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас Л.Нацагдоржид Эрүүгийн хуулийн 24.7-1-ийн дагуу Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эл хэргийг энэ сарын 21-нд тус шүүх хянан хэлэлцээд, уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил таван сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Мөн байгаль орчинд учруулсан хоёр тэрбум төгрөгийн хохирлын хоёр хувьтай тэнцэх буюу 40.9 саяыг Байгаль орчин, уур амьсгалын санд, амиа алдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.3 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.