“Толгойт” өртөөний даргын хахуулийн хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдлээ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний даргаар ажиллаж байсан Т.Үржинд холбогдох бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас дахин яллах дүгнэлт үйлдэн, өнгөрөгч долоо хоногт шүүхэд шилжүүллээ.
Тэрбээр уг өртөөний дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар, “Силкрөүд ложистикс” ХХК-ийн менежер Ч.Ганчулуун нарын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5-6 дугаар сард хахууль авсан хэмээн буруутгагдаж буй.
Тодруулбал, С.Сүхбаатартай үгсэн тохиролцож, “Силкрөүд ложистикс” ХХК-ийнхны салбар зам ашиглах ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, хийх ёсгүй зүйл хийснийхээ төлөө 16-17 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүний хахуулийн мөнгийг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар ХААН банкны дансаараа дамжуулан бэлнээр гаргаж аваад “Толгойт” өртөөнөөс холгүй орших “Номин супермаркет” дэлгүүрийн авто зогсоолд Т.Үржинд өгсөн нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон аж.
Ч.Ганчулуун вагоны салбар зам ашиглах эрх авахын тулд Т.Үржинд С.Сүхбаатарын дансаар дамжуулан нийт 33 сая төгрөг өгсөн нь шалгалтаар тодорхой болсон гэнэ. НПГ-аас Т.Үржин, С.Сүхбаатар нарт бүлэглэн хахууль авсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-1, 18.6-1 дэх хэсэгт заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин Ч.Ганчулуунд мөн хуулийн 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж бусдаар дамжуулан хахууль өгсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна. Уг хэргийг өмнө нь 2023 оны зун шүүхэд шилжүүлсэн ч нэмж шалгах зүйл бий гэж шүүгч нар дүгнээд, прокурорт буцаасан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.