Гималайн нуруунд мөсөн гол нурсны улмаас Непал, Хятадын хилээр их хэмжээний үер буужээ
2026 оны наймдугаар сарын 26-ны лхагва гаргийн өглөө 08:37 цагт Непал, Хятадын Төвөдийн хилийн бүс дэх Лангтанг ууланд мөсөн гол нурж, улмаар хүчтэй хөрсний нуралт болон үер усны гамшиг нүүрлэлээ.
Энэхүү байгалийн гамшгийн улмаас олон тооны тосгон, дэд бүтэц бүрэн сүйрч, одоогийн байдлаар 360 гаруй хүн амиа алдаж, 1400 гаруй хүн сураггүй болоод байна. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
АНУ-ын Геологийн алба (USGS) болон газар хөдлөлт судлаачдын мэдээлснээр, уг үзэгдлийг 4.4-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт гэж бүртгэсэн боловч энэ нь уулын нуралтаас үүссэн хүчтэй чичиргээ байжээ. Мөсөн голын 1300 метр өргөн доод хэсэг далайн түвшнээс дээш 5200 метрийн өндөрт тасран унаж, 950 тонн тротил тэсэлсэнтэй тэнцэх хэмжээний энерги ялгаруулсан байна. Улмаар унасан мөс, чулуулаг Лхэндэ Кхола голын хөндийд унахдаа үрэлтийн улмаас хайлж, цагт 100 гаруй километрийн хурдтай шаварлаг урсгал болон хувирчээ. Энэхүү урсгал нь Бхоте Коши болон Тришули голын сав газрыг даган есөн метрийн өндөртэй давалгаа үүсгэн урссан байна.
Наймдугаар сарын 28-ны байдлаар Непал улсад амиа алдсан хүний тоо 359-д хүрсэн бөгөөд үүнээс Читван дүүрэгт хамгийн олон буюу 132 хүн, Навалпараси Ийст дүүрэгт 82 хүн амь үрэгджээ. Түүнчлэн Төвөдийн талаас Хятад Улсын мэдээллийн хэрэгслээр гурван хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Хилийн хоёр талд нийт 1400 гаруй хүн сураггүй алга болсны дотор Төвөдийн Гиронг мужид 558 хүн байгаа юм. Мөн тус бүс нутаг нь аялагчид болон мөргөлчдийн гол зам тул гадаадын 30 орны 517 иргэн, үүний дотор Америкийн 65, Энэтхэгийн 105, Малайзын 55, Австралийн 35 иргэн сураггүй болсонд тооцогдож байна.
Хүчтэй шаварлаг урсгал маш богино хугацаанд буусан тул иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олдоогүй бөгөөд Тимуре, Сябрубеси, Дэвигхат зэрэг хэд хэдэн суурин газар шаварт бүрэн автжээ. Гамшгийн улмаас 40 орчим километр уулын зам, олон арван гүүр нурж, аврах багийнхан очих боломжгүй болоод байна. Непал, Төвөдийн хилийн гол боомт болох Гиронг боомт хөрсний нуралтад өртөж, холбоо харилцаа, цахилгааны шугам тасарчээ. Түүнчлэн Бхотекоши голын дээд хэсэгт байрлах усан цахилгаан станцууд болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх автомат хяналтын станцууд урссан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Одоогийн байдлаар Непал болон Хятадын эрх баригчид дараагийн шатны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Нурсан хөрс, мөсөн голын үлдэгдэл голын голдирлыг хааснаар хилийн хоёр талд асар том нуур үүсээд байгаа юм. Хятадын талд гурван сая шоо метр ус хуримтлагдсан далан нурах өндөр эрсдэлтэй байгаа бол Непалын талын нуурын усны түвшин нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, мөнх цэвдгийн гэсэлт нь Гималайн бүс нутагт ийм төрлийн гамшиг нүүрлэх эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг эрдэмтэд анхааруулж байгаа бөгөөд аврагчид болон оршин суугчдыг голын сав газраас хол байхыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.